Нийслэлийн засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төвөөс дөрвөн иргэн Сүхбаатар дүүргийн 7 -р хороо “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлэгдэж байгаад нас барсан гэх мэдээллийг  цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 
Тусд төвд амьдардаг дээрх дөрвөн иргэн хог түүж амьдардаг бөгөөд, өрөөндөө эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт ууж хордон нас барсан болох нь задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр тогтоогдоод байна.
Одоогоор уг хэрэг гарсан “Амьдрах ухаан төвд” дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдлын байцаагч нарыг мэргэжилтнээр оролцуулан үзлэг хийж хоол хүнс, усны дээжийг шинжилгээнд авч тус байранд хоноглохоор ирсэн орон гэргүй хүмүүс хамгаалагч болон төвийн ажилтнууд хураан авсан архи согтууруулах ундаа, түүний бүртгэл, "Арслант" нэртэй нэг шил архи зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, холбогдох хувь хүн аж ахуйн нэгжийн эздийг шалган архи, хүнс, хоол ундны дээжийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд химийн шинжилгээнд хүргүүлэн бусад холбогдох ажиллагаануудыг хийж байна.

А.Баярмаа