Аймаг болон дүүргийн прокуроруудыг шинээр томиллоо
2014/02/23
“Шүүх байгуулах тухай“ Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын бүтэц шинэчлэн батлагдсан болон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 46 тоот тушаалаар батлагдсан “Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн Д.Дорлигжав зарим прокуроруудыг аймаг, дүүргийн прокуророор томиллоо.
Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/ 22 тоот тушаалаар нийслэлийн Хан- Уул дүүргийн прокурор Ц.Ариунболдыг Өвөрхангай аймгийн прокуророор, Нийслэлийн Прокурорын газрын ЯЭАХТ хяналт хариуцсан туслах прокурор Ц.Мөнхбатыг Төв аймгийн прокуророор, нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурор Д.Энхтөрийг дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокуророор, Төв аймгийн прокурор Б.Баян-Очирыг дүүргийн хоёрдугаар прокурорын газрын прокуророор тус тус томилсон байна.
Мөн Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Б/ 23 тоот тушаалаар нийслэл болон дүүргүүдийн прокурорын газруудад хяналт хариуцан ажиллах прокурорууд, аймгийн прокурорын туслах бөгөөд Тамгын хэлтсийн дарга, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан нэр бүхий прокурорууд ч томилогдлоо.