Монголын Анагаах ухааны Академи шинэ гишүүдээ сонголоо
2014/02/25
Монгол улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи болох Монголын Анагаах ухааны Академийн гишүүний сонгууль өчигдөр Шинжлэх ухааны академи дээр боллоо.
Энэ удаагийн сонгуулиар нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, био-анагаах, эм зүй уламжлалт анагаах гэсэн 4 чиглэлээр нийт 10 эрдэмтнийг нэмж сонгох байсан бөгөөд Анагаах ухааны Академийн гишүүний сонгуульд дээрх 4 мэргэжлийн чиглэлээр нийт 22 эрдэмтэн нэр дэвшсэн байна. Тэдгээрээс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ЭМШУИС-ийн дэд захирал Н.Сүмбэрзул, ЭМШУИС-ийн НЭМС-ийн захирал О.Чимэдсүрэн, эмнэлзүйн чиглэлээр ЭМШУИС-ийн багш Р.Сандуйжав, “Шагдарсүрэн” эмнэлгийн ерөнхий захирал М.Шагдарсүрэн, “Ач” АУДэС-ийн мэс заслын тэнхмийн эрхлэгч А.Нота, УГТЭ-ийн зүрх судасны зөвлөх эмч Д.Сэржээ нар сонгогджээ.
Харин био-анагаахын салбарын гишүүнээр ЭМШУИС-ийн ректор Г.Батбаатар сонгогдсон бол эмзүй, уламжлалт анагаах ухааны салбарын шинэ гишүүнээр ЭМШУИС-ийн шинжлэх ухаан технологийн төвийн захирал Д.Цэрэндагва, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар сонгогдсоноор Анагаах ухааны Академи 9 гишүүнээр бүл нэмлээ. Тус сонгуультай холбогдуулан нэр дэвшсэн 22 эрдэмтэн энэ сарын 24-ний өдөр ШУА-ийн Их чуулганы танхимд өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээл, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулсан юм.