ЖДҮ-ээс айж жүжиг тавьдагаа боль оо
2019/03/19
Их хурлын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Чуулганаар ЖДҮ-ийн асуудлаас бусдыг хэлэлцэх гэнэ. Тэгвэл чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал ЖДҮ байх ёстой. Энэ талаар хэн ч ган хийхгүй байх юм.
Төрийн гурван өндөрлөгийн зүгээс ЖДҮ гээд дуугарчих бий гэхээс айж байх шиг. Тойрч давхиад, бултаж зугтаад, өөр элдэв сенсаци нийгэм рүү шидэлж байна. Үүнд нь нийгмийн сэтгэл зүй автах шинжтэй. Үнэндээ ганц АН-ын зүгээс л ЖДҮ-ийн асуудлыг дуугарч байна. Гэвч АН хүчгүй юмаа. Дээр нь бүлэггүй болох нь. Гол төлөөллүүдийг нь дуулиант 49 хувьд айхавтар нааж байна. Тэгэхээр явж өгөхгүй нь л дээ.
Байдал нэгэнт ийм болохоор ЖДҮ-ийн хэргийг олон нийт анхааралдаа авах цаг болжээ. Үүнд хүн бүрийн хүчин оролцоо чухал. ЖДҮ-ийн хэрэг дээр төрийн гурван өндөрлөгийг шахаж ажиллуулмаар, анхаарлынх нь төвд аваачмаар байна. Ингэхийн тулд мэдээллийн бүх хэрэгсэл, сошиал ертөнц, олон нийтийн байгууллагууд, ер нь нийгэм даяараа ЖДҮ-ийн хэргийг авч хэлэлцье. Эрх баригчид ЖДҮ-ийн хэрэг явдлыг мартуулахын тулд элдвийг сөхөн сэдэж, ард түмнийг үймүүлэхийг зогсооё. Таван толгой, Эрдэнэтийн 49 хувь, ерэн оны их хувьчлал, эрдэс баялгийн 400 ордыг хураах... үгүй ээ ер нь яана яана ч гэнэв. Сүүлдээ ч энэ төр засгийн толгойд байгаа хүмүүс чинь солиорчихоогүй биз дээ гэж бодоход хүрлээ. Гэвч солиороогүй юм байна. Эрх баригчид жүжиг тавьж байгааг ойлголоо. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сууж буй 40 орчим гишүүн нь ЖДҮ-ийн санг тоносон гэмт үйлдлээс ард түмний анхаарлыг сарниулах гэсэн жүжиг юм байна.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаан дахь хамгийн том реформ бол их бага хувьчлал, түүн дээр босч ирсэн улсын эдийн засаг, үндэсний цөөн хөрөнгөтнүүд юм. Харин тэдний хөрөнгийг хураана гэсэн өнөөдрийн эрх баригчдын яриа бол заналхийлэл юм. Хөрөнгө хураах нь санааны зоргоор хийгддэг үйл явц огт биш. Хөрөнгө хураасан бүх процесс, хүн төрөлхтний түүхэнд цусан зам татуулсан. Өөрт ойрхон түүхээс эхэлье, 1917 оны пролетарийн хувьсгал Орос орны түүхэнд байгаагүй их яргалал, хэлмэгдүүлэлт, гуйланчлал, өлсгөлөнг авчирсан. Энэ аймшигт цаг үеийн гол үзэл сурталчид, манлайлагчид нь мөнөөх Ленин, Сталин шүү дээ. Үгээгүй хоосон, залхуу, боловсролгүйн туйлууд нийгэмд хувьсгал гээчийг хийж боловсролтой, хөдөлмөрч, хөрөнгөтэй давхаргынхнаа устгаж коммунист нийгмийг байгуулсан эмгэнэлт түүх юм. Энэ түүхийн гол цөм, философи нь хөрөнгө хураан нийгэмчилж, нийтээрээ ядуу амьдрах л байсан юм.
Манайд ч ийм л юм болсон. Чойбалсан, Жамбалдоржууд гарч ирж 40 мянган иргэнийхээ амийг хороож хувийн хөрөнгийг хураасан. Өдгөө ч хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд Монголын төр сая сая төгрөгийн нөхөн олговор өгсөөр байна. Ингэж л хөрөнгө хураадаг. Эцсийн үр дагаварт нь улс орон сүйрлийн ирмэгт очдог. Үнэхээр өнөөдрийн эрх баригчид хөрөнгө хураана л гэж байгаа бол Монголд цус урсана. Өөр ямар ч арга байхгүй. Учир нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, бие сэтгэлээ барж босгосон амьдралаа, капиталаа зүгээр хураалгадаг хүн гэж хүний нийгмийн бүх цаг үеийн түүхэнд байгаагүй. Хойшид ч байхгүй. Өнөөдрийн эрх баригчдад зүгээр зогсож байгаад хөрөнгөө хураалгах жижиг ТҮЦ-ний эзэн ч олдохгүй. “Ав ав” гээд ухаж байгаа нүхнийхээ аман дээр зүгээр хараад зогсох нинжа ч байхгүй. “Цагаан суварга”-ын орд ганц Номтойбаярынх гэж бодож байна уу. Үгүй шүү дээ, энэ ордод сая сая долларын хөрөнгө оруулчихсан барууны томчууд хөрөнгөө зүгээр өгөх үү. Өчнөөн саяын хөрөнгөө манай уул уурхайд хууль номоор нь оруулчихсан урд хөршийн саятнууд зүгээр хараад суух уу. Улсын төсөвт боломжийн татвар төлж байгаа манай бизнесмэн бүхэн гадны ямар нэг хамтрагчтай хөрөнгө хоршсон байдгийг эдийн засаг гадарладаг хүн бүр мэдэж байгаа.
Ард түмэнд сонгуулиар таалагдъя гээд эрх мэдэл, албан тушаалаараа бярдан хөрөнгө хураая гэж бодъё. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Шүүх баримт дээр л тулгуурлана. Тэгвэл их хувьчлалын үеийн бүх процесс 100 хувь төр засгийн шийдвэртэй хийгдсэн. Засгийн газрын шийдвэргүй нэг ч дэлгүүр, нэг ч үйлдвэр, нэг ч уурхай хувьд очоогүй. Шүүх дээр энэ бүх баримт гарч ирнэ. Шүүхээс лав “У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэргүй юм байна” гэж хураахгүй нь тодорхой. Монгол Улс нь нэг л засаг захиргааны бүтэцтэй. Сайд дарга нар бол сонгуулиар солигдож, холигдоод явдаг нь ардчилсан нийгмийн тогтолцоо. Тэрнээс биш “Тэрний үеийн Засгийн газрын шийдвэр юм байна” гээд хөрөнгөө хураалгах ТҮЦ-ний эзэн байхгүй гэдгийг өнөөдөр ойлгох ёстой юм.
Ингээд харахаар энэ өдрүүдэд болж байгаа энэ олон баривчилгаа, байцаалт, онцгой дэглэм... бүгдээрээ ирэх сонгуульд зориулсан жүжиг байгаа биз. Ирэх сонгууль хүртэлх 1,8 сарын хугацаанд хийж амжуулах ажил биш гэдгийг эрүүл ухаантай бүхэн ойлгоно. Дараагийн сонгуулиар ялбал үүнийг үргэлжүүлэн хийнэ, та нартаа тарааж өгнө хэмээн ядарсан ард түмнээ хуурсан, саналыг нь авах гэсэн драм юм. Ийм дэмий, гэнэн, хүүхэд хуурч байгаа юм шиг арга залинд хууртдаг ард түмэн одоо байхгүй болсон. Сонгууль жижиг тойрог дээр явагдана. Ард түмний өмнө, индэр дээр нэг ЖДҮ-чин сууж байвал хэн түүнийг сонгох юм бэ. Тийм учраас эрх баригч МАН-ынхан одоо асуудлыг том зургаар нь харж, энэ удаагийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүдийнхээ асуудлыг нэн даруй авч хэлэлцэн, нэг тийш нь шийд. Захын нэг иргэн “Хээцэс, ерэн оны хувьчлалыг шалгана ч гэх шиг, хөрөнгө хураана ч гэх шиг, юугаа солиороод байгаа юм. ЖДҮС-г тоносон хулгайчиддаа хариуцлага тооцохгүй байж” гээд зэвүүцэж суугааг мэдэрч байна уу, эрх баригчид аа. Тэгэхээр ЖДҮ-чин гишүүдийнхээ асуудлыг шударгаар шийдчихвэл ядаж намын чинь нэр дэвшигч тойрогтоо нүүр бардам очиж, хэлэх үгтэй байх юм даа.
Та нарын шуугиан болгоод байгаа Эрдэнэтийн 49 хувь, хураана гэж байгаа 400 орд, их бага хувьчлалын чинь ард хохирогч байхгүй байгаа юм аа. Нөгөө агаар дээрх тоо гэдэг шиг хий л ард түмэн хохирсон гэдэг. Гэтэл ард түмнээс нэхэмжлэл гаргаж, хохирол барагдуул гэсэн юм алга. Харин ЖДҮ-ийг болохоор сул тогтолцоотой байсан зээлийн том санг улам сулруулж байгаад тоночихсон үйлдэл. Мөнгө өгсөн, бас авсан эзэд нь тодорхой, мөнгөн дүн нь тодорхой, төрийн өндөр албан тушаалтны цагаан дээр хараар бичсэн тушаал шийдвэртэй, зохион байгуулалттай гэмт хэрэг. Уул шугамандаа бол өөрийнхөө төлөө саналаа өгсөн, бас өгөх эсэх нь эргэлзээтэй байсан гишүүдийг найдвартай багцлахын тулд хийсэн үйлдэл. Найдвартай 40 саналын төлөөс. Нам төрийн өндөр дээд албан тушаалаа ашиглаж гишүүдийг барьцаалсан хэрэг. Эрдэнэтийн 49 хувийг авсан санхүүгийн схем гэж яриад байгаа. Тэгвэл ЖДҮС-г тоносон санхүүгийн схемийн дээр Ерөнхий сайд сууж байгаа учраас хөдлөхгүй байна. Гишүүдийг Жидүүрүүлсэн хүн нь Хү-к. Эмчлэх арга нь ч түүнд байх шиг. Тийм болохоор Хү-к “Эмчилгээг чинь зогсоочихно шүү” гээд тэднийг айлгаад сууж байна. Тэдэн дотор тойрогтоо очиж хэвтчихээд, айхгүй байгаа ганц хүн бол Г.Солтан гишүүн л байна. Учир нь мань эр өмнөх гишүүд шигээ Баян-Өлгийгөөс цаашаа ганцхан харайгаад орчих нутагтай хүн. Бусад нь хаачих юм бэ, муу ч сайн ч Монголдоо байх учраас ЖДҮС-г тонон дээрэмдсэн үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх л болно. Тэр болтол элдэв жүжиг тавьж ард түмнээ хуурах гэж оролдохоо боль.
зочин · 2019/03/19
Ирэх сонгуульд Хүрэлсүхийн өөрөө унах нүх нь ЖДҮ.Үүнийгээ шийдэхгүй бол ирэх сонгуулиар ХС өөрөө унаад намаач унагаад эцэст нь өөрөө ямарч ажилгүй,Лааз өшиглөнөдөө
шаабар · 2019/03/19
Дээр байгаа нөхөд бүгдээрээ адилхан луйварчид шүү дээ. Тэд хоорондоо үзэлцэж байгаа болохоос биш ард түмнээ бодоод, эх орноо хайрлаад байгаа хүн байхгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Зарим нөхөд намаасаа УИХ-д нэр дэвших боломжгүй болонгуут шинэ нам байгуулж байна. Тэдэнд албан тушаал эрх мэдэл л хэрэгтэй. Ард түмний дийлэнх нь шинэ нам байгуул гэж зөвлөсөн гэж хүртэл залж байхыг сонсов. Үнэмшиж байна уу . Ийм л жүжигчид . Дүрэм журамгүй, намын олонхийн шийдвэрээ хэн дуртай нь зөрчиж болдог нам гэж байж болох уу . Жүжиг жүжиг