Зэвсэгт Хүчний ЖШ-ын даргаар томилогдсон А.Ганбат гэж хэн бэ?
2019/03/23
УИХ-ын ээлжит бус чуулган гурав дахь өдрийн хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Улмаар хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ.
Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төржээ.
Тэрбээр 1969-1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.
Улмаар 1979 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуульд элссэн цагаасаа хойш зэвсэгт хүчинд алба хаажээ.
-Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч,
-БХЯ-ны долоодугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер
-Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга
-Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч
-ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч
-БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
-ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга
-ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга
-Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга
-ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга
-Ерөнхий зориулалтын цэргийн командлагч