Энэ амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай болж өндөрлөжээ. Энэхүү тэмцээний талаар Монголын Оюун Ухааны Академийн Захирал, Язгуур бага сургуулийн Үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар олон нийтэд мэдээлэв.

Тус тэмцээнд 7 улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн 4 тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулав.

 

 

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээний аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртжээ.  Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан "Absolute Champion” буюу "Үнэмлэхүй Аварга" болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар 6 настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрээр 0,1 секундын давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон байна.