ШӨХТГ-аас Нийслэлийн төвийн 6 дүүрэгт хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын биелэлтийг шалган “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-д санал боловсруулан тусгууллаа.

2014 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн шинээр батлагдан мөрдөгдөж буй “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 5.2.5-д “Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй”, 5.2.6-д “Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна” гэсэн заалтыг мөрдөж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулж ажиллахыг анхааруулж энэ талаар бүх хими цэвэрлэгээний газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Х.Даваа