1910-аад онд хятад худалдаачид олноороо ирж Богд хаант Монгол Улсад алт олборлосон байжээ.  Тиймээс Богд хаант засаг тэрхүү уурхайнуудыг хааж, харуул тавьж байсан юм. Энэ бол та бидний өвөг эцэг  баялгийг эх орондоо үлдээж байсан бодит баримт бөгөөд үнэн түүх.

Өнөөдөр  харин бид  өвөг эцгийнхээ  тэрхүү бодлогыг үргэлжилүүлж чадалгүй  мөнгөний төлөө “нүдээ” ухаж өгчихөөд байна.  Өөрөөр хэлбэл өнөөдөр  уул уруайн компаниудын нөхөн сэргээлтэд хяналт тавьж, нөхөн сэргээлт хийсэн газруудыг нинжа оруулахгүйгээр онцгой хамгаалалтад авах хэрэгтэй байна.

Мөн нөхөн сэргээлтийн дор олборлолт явуулах хэрэг цөөнгүй байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
- Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж орон нутагт ажиллаад ирлээ. Аль аймгуудаар ямар зорилготой яваад ирсэн бэ? 
-Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд Баянхонгор, Өвөрхангай, Булган аймгаас маш олон иргэдийн санал гомдол, өргөдөл ирсэн. Эдгээр өргөдлүүдийн ихэнх нь уул уурхайн компаниудын хууль зөрчин орон нутгийн иргэдтэй хууль бусаар харьцаж, байгаль сүйтгэж, бэлчээр хомсдуулж, худаг ус булгийг нь сүйтгэж байгаатай холбоотой гомдол байсан. Тиймээс ажлын хэсэг байгуулж, өргөдлүүдийн дагуу Гол усны хуулийн хэрэгжилтийг шалгах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн. Ажлын дэд хэсэгт багтсан Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх Улсын мөрдөн байцаах тасгийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй гурван хоног орон нутагт ажилласан байгаа.

-Орон нутагт очиход газар дээрээ байдал ямар байна вэ? 
- Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой. Үнэндээ орон нутагт явж байхад Гол усны хууль тэр бүр хэрэгжихгүй байна. Орон нутгийн удирдлага хуулийн хэрэгжүүлэх сонирхолгүй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Өвөрхангайн Уянга суманд урхайн олборлолт явуулснаар хөгжилд нь ахиц гарсан ч байгаль орчныг сүйтгэсэн байдал үнэхээр нүд халтирмаар болсон байна. Цаашлаад бид Өлтийн уурхайд очсон. Өлтийн уурхайн лицензийг “АУН” гэдэг компани эзэмшдэг юм билээ. Орон нутгийн удирдлагууд уг нь энэ компанитай нөхөн сэргээлт хийх гэрээ хийсэн байгаа юм. Гэтэл хамгийн сонирхолтой нь нөхөн сэргээлт хийх гэрээ нэрийн дор тэнд олборлолт явагдаж байна. Энэ нь өөрөө хууль бус үйл ажиллагаа болоод зогсохгүй төрийн хуулийг зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй зүйл.

Гол усны хуулийг мөрдөхгүй байна. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Уянга сумын Цагаан гол, Буянт гол гэх газрууд бол хоёулаа голын эх. Гэтэл орон нутгийн удирдлагууд голын эхэнд олборлолт хийж байхад харсан хэрнээ хараагүй юм шиг дүр эсгээд сууж байгаа нь хуулийн хэрэгжилтэд ямар ч санаа тавьж ажиллаагүй нь илрэл юм. 

-Нутгийн удирдлагууд ямар тайлбар өгч байна вэ? 
-Та бүхэн яагаад гол байсаар байтал алт олборлосоор байдаг юм бэ гэхэд “Усны газраас энд гол байхгүй” гэсэн албан тоот явуулсан гэж байгаа юм. 

-Тэгвэл Усны газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж болох нь ээ? 
-Эндээс хоёр зүйл харагдаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас кадастрын зурагт координат тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын газрын зургаас Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг Буянт гол, Цагаан гол гэдэг голууд алга болсон байна шүү дээ. “Энэ гол байна” гэхээр газрын зурагт дээр байхгүй байдаг. Ашигт малтмалын газраас лиценз авахдаа “Хар-Уул” гэсэн газар олборлолт явуулна гэсэн байгаа юм. Орон нутгийн иргэдийн яриагаар бол “Бидний аав ээж, энд Хар-Уул гэдэг газар байдаг гэж бидэнд хэлж байгаагүй” гэж байгаа юм. Тэгэхээр үүнийг маш том мафийн сүлжээ гэж хэлэхэд буруудахгүй байх. Гол урсаж байхад “байхгүй” гэсэн дүгнэлт гаргаад, гол усны хуулинд хамрагдахгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь сонин. Ер нь Усны газар, Байгаль орчны яамтайгаа нэгдээд энэ координатыг шинээр тогтоох хэрэгтэй байна. 

-Тэгэхээр буруу дүгнэлт гаргасан хүмүүст хариуцлага тооцно гэсэн үг үү? 
-Манай ажлын хэсэг тухайн дүгнэлт гаргаж өгсөн Усны газрын хүмүүст хариуцлага тооцуулахаар зохих материалуудыг АТГ-т явуулахаар ярьж байна. Нутгийн иргэдийн дунд “Усны газрын ажилтан тухайн үед координат тогтооход уул уурхайн компаниудтай газрын зураг өөрчилж өгөх талаар тохиролцоо хийсэн” гэсэн ам дамжсан яриа байна. Түүнийгээ ч бидэнд уламжилсан. 

-Орон нутгийн удирдлагуудад асуудал байгаа юм биш үү. Урсаж байгаа голын эхэнд олборлолт явуулж байхад зүгээр хараад сууж байгаа нь сонирхолтой юм? 
- Тэд “Усны газар зөвшөөрсөн” гэдэг үндэслэлээр олборлолт явуулж байгаа гэсэн тайлбар өгч байна лээ. Зүй ёсоор сумын Засаг дарга өөрийнхөө  эрх үүргийн дагуу энд Буянт гол, Цагаан голуудад олборлолт явагдаад байна. Үүнийг зогсоож, лицензийг нь түтгэлзүүлж, координатыг тогтоож өгөөч гэдэг зүйл ярих ёстой байсан. Сумын засаг даргыг бид санаатайгаар үйл ажиллагааг нуун дарагдуулсан гэж үзсэн. Энэ үүднээс Өвөрхангайн Буянт гол, Цагаан гол дээр олборлолт явуулж байгаа газруудыг бид лацадсан. Уул уурхайн компаниуд,  орон нутгийн эрх баригчид эсэргүүцсэн ард иргэдийг дарамталдаг сураг байгаа юм. Буянт гол дээр  зусаж байсан айлынхан олборлолт явуулахгүй гэхэд айлын залуучуудын 10 хүртэлх хоногоор хорьсон байна. Тэд малаа ундаалдаг, ундны усаа авдаг булгаа хамгаалж эсэргүүцэл үзүүлэхэд тэднийг бариад хорьчихсон. 

- Уул уурхай, улс төр хоёрыг холбоотой гэдэг үг байдаг. Улс төрчид холбоотой юм биш биз? 
- Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудыг хаах гэж байхад зарим нэр бүхий улстөрчид нөлөөлөх гэж оролдсон нь бий. Гэхдээ бид хуулийн дагуу ажиллана. Бидэнд олон газраас өргөдөл, гомдол ирсэн. Бид үүний дагуу явж ажиллана. Хуулиараа бүх уул уурхайн олборлолт явуулсан компаниуд техникийн, биологийн нөхөн сэргээлт хийгээд хаалтын төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. 

 
Ярилцсанд баярлалаа.