Өнөөдөр бол монголд анхлан улс төрийн байгууллага байгуулагадсан өдөр буюу Эх орончдын өдөр. Чухамдаа 1921 оны энэ өдөр МАХН байгуулагдаж туурга тусгаар Монгол Улсыг тунхаглан зарлаж улмаар ардчилал, эрх чөлөөний замаар замнах эхлэл тавигдсан гэж үздэг. Тиймээс  өнөөгийн МАХН, гишүүд дэмжигчдийн хамтаар энэ өдрөөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд МАХН-аас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үеэрээ Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэхэд бүх нийтийн санал асуулга явуулсан талаараа танилцууллаа. Энэхүү санал асуулгад нийтдээ нийслэлийн 10 гаруй мянган иргэд оролцсон бөгөөд тэд цөм Сүхбаатарын талбайн нэршлийг урьдын хэвээр үлдээхийг дэмжсэн байна. Тиймээс тэд Эх орончдын өдрөөр Сүхбаатарын хөшөөний хуучин баримлын зураг бүхий самбар барьсан байв. Эл самбарт талбай дээр цугласан иргэд Чингисийн талбай гэж өөрчилснийг эсэргүүцэн гарын үсгээ зурж байлаа.

Мөн эл арга хэмжээтэй зэрэгцэн МАН-ын удирдлагууд гишүүдийн хамтаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр ирсэн юм. Энэ үеэр МАХН-ын зүгээс Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон нь зөв эсэх санал асуулгад МАН-ын гишүүд өргөнөөр хамрагдаж, Сүхбаатарын талбай байх нь зөв хэмээн байр сууриа илэрхийлэн гарын үсгээ зурлаа. Тухайлбал, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан, өдгөөгийн Тусгаар тогтнолын ордныг барьсан гэгддэг Н.Төмөрхүү нар Сүхбаатарын талбайн нэрийг хуучин хэвээр үлдээхийг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсгээ зуржээ. Энэ нь МАН МАХН-ын үйл ажиллагааг дэмжиж байгааг харуулсан том илэрхийлэл боллоо гэдгийг МАН-ын гишүүд дэмжигчид хэлж байсан юм.

 МАХН болон МАН-ын гишүүд, эгэл жирийн иргэдийн гарын үсэг бүхий эл зурагт самбарыг Нисйлэлийн ИТХ шийдвэрээ эргэж харах хүртэл Нийслэлийн захирагчийн албаны байранд байршуулах юм. Сүхбаатарын талбайг өнгөрөгч ондЧингисийн талбай болгон өөрчлөх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас гаргасан. Харамсалтай нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асуулгүй дээрх шийдвэрээ гаргасан нь олны шүүмжлэлд өртөөд байсан билээ. Энэ нь МАХН-ын зүгээс явуулсан санал асуулгаас тодорхой харагдаж байгаа бөгөөд МАН-ын гишүүд дэмжигчид нь тэдний энэхүү санал асуулгыг дэмжиж, баяртайгаар хүлээн авч байсан юм.