Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2013 онд шинээр байгуулагдаж, Монгол улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан "Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг" ялангуяа ашигт малтмал, газар, газрын хэвлий, түүний баялаг, хөрс, ус, ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ой, ой хээрийн түймэр, химийн гаралтай хорт, аюултай бодис, аюултай хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутаг тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчин, геологи уул уурхайн салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа билээ.

Тус хэлтсийн алба хаагчид энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр дэлхийд ховордож улаан номонд бүртгэгдсэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг хөлдөөсөн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод зөөвөрлөн, зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн юм.

Саяхан СХД-ийн 9 дүгээр хороонд оршин суух 50 настай иргэн өөрийн гэртээ ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугын арьс 1 ширхэг, шонхор шувуу 8 ширхэг, сар шувуу 1 ширхэг, шар шувуу 2 ширхэг, бүргэдийн эд эрхтэн хууль бусаар хадгалан, бусдад худалдаалж байсныг олж тогтоон, эд мөрийн баримтаар дээрх зүйлийг хураан авч СХД-ийн хоёрдугаар ЦХ-т харъяаллын дагуу шилжүүлэн шалгаж байгаа аж.

Х.Даваа