Тамхины хяналтын тухай хууль өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлээд жилийн нүүрийг үзэж буй.

Энэ хуулийн үндсэн зорилго нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах явдал аж. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "энэ хугацаанд олны зүгээс маш их сайшаалыг хүртсэн.  ЕБС-аас 500 метрийн зайд тамхи борлуулахыг хориглосноор хүүхдүүдийн тамхидалт эрсч цөөрч, тамхинаас татгалзагчид нэмэгдсэн" хэмээн саяхан мэдээлэл хийсэн юм.

Мөн энэ үеэрээ МХЕГ болон НМХГ-ын явуулсан шалгалтаар нэр бүхий 11 аж ахуйн нэгж тамхи татах тусгай өрөө байгуулсан байсан. Тэдгээрт 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэж мэдэгдсэн.

Гэтэл Л.Эрдэнэчмэг гишүүний буянаар тамхи татах тусгай өрөө байгуулсан үйлчилгээний газрууд сайшаагдах нь бүү хэл торгууль төлөөд банга хүртэж орхив. Харин энэ тусгай өрөөгүй газрууд нь магтуулаад өнгөрсөн бололтой.

Хамгийн сонирхолтой нь гаднах орчин нөхцөлдөө санаа тавин ажилласан зарим нэг баар, ресторанууд дотоод орчиндоо тамхины өрөө нээсэн тохиолдлууд нь эл хуулийн гол заалтыг зөрчиж байгаа том дутагдал хэмээн буруутган үзсэн байгаа юм.

Уул нь энгийн ухаанаар бодсон ч тамхи татах өрөө байгууллах нь зүйтэй л баймаар. Тэгэхгүй бол баар, цэнгээний үүдээр дүүрэн, тамхины иш, шүлсээр дүүрч гудамж талбайн  орчинг бохирдуулна. Ингээд л бид чинь дахиад л утаагаар амьсгалж байгаа байж дээр нь нэмээд хөрсний бохирдолтой агаараар мөн л амьсгална хамгийн энгийнээр тайлбарлахад шүү дээ.

Тамхины тухай хуульд сайшаалтай тал нь гэвэл дотоод орчинд тамхи татахгүй болсноор хоолны газар, баар, ресторанд гэр бүлээрээ ая тухай үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн, албан байгууллагуудын дотоод нөхцөл сайжирч, ажил хийх ая тухтай цэвэр орчин бүрдсэн байгааг хэн хүнгүй хэлнэ. Маш олон иргэд хууль батлагдан гарснаас хойш тамхинаас гарсан, ялангуяа хүүхдүүдийн дундах тамхидалт багасаж байгаа, эмэгтэйчүүдийн тамхидалт эрс багасаж байгаа гэсэн ололттой талууд байгааг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дуулгасан.  Харин сургуулиас 500 метр дотор тамхи зарахыг хориглосон заалтын хэрэгжилт муу байна, хууль бусаар тамхи зарах байдал байсаар байна, тамхины цэгүүдийг бий болгоогүйгээс хаа сайгүй гудамжинд тамхи татаж байна гэсэн шүүмжлэлүүд их байгаа гэсэн юм.

Л.Эрдэнэчимэг гишүүн та тамхины цэг бий болгоогүйгээс хаа сайгүй гудамжинд тамхи татаж байна гээд байгаа. Тэгсэн хэрнээ яагаад дотооддоо тамхи татах цэг буюу өрөө байгуулсан үйлчилгээний газруудыг торгоод хууль зөрчсөн гээд байгаа нь тун хачирхалтай. Харин ч эсрэгээрээ тамхи татах тусгай өрөөг байгуулсан газруудыг магтаж, гаднах орчноо бохирдуулж буй тамхичид, үйлчилгээний газруудаа торгох хэрэгтэй бус уу!

Мөн л таны магтсан газрууд бас л эл хуулийг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Тамхи татах тусгай өрөө, цэг байхгүйгээс үүдэн.

"тамхины тухай хуулийн 9 дүгээр зүйл. Утаат тамхи татахыг хориглох",

9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна" гэсэн заалт бий. Хориглох тэмдэг тавих нь тавьсан байх. Гэхдээ орох хаалга гэж буй энэ хэсэгт бол хүмүүс байнга л тамхи татдаг. Энэ заалтаа мөн л зөрчөөд байгаа юм.

Х.Даваа