Өнөөдөр  ам.доллар  Монголбанкны зарласан ханшаар бол  1751 төгрөг байна. Өсөөд байна ямар нэг юм хийгээч гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон удаа гарахад, сайд нарыг огцоруулна гэхэд,  холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авхуулна гэхэд л буурдаг. Хэн нэгний эрх ашиг байна гэж хардах иргэн байхад, зарим нэг төрийн албан хаагч ажлаа хийхгүй байна гэж бодох иргэн ч байна. Тэгвэл ам.долларын өсөлт хэний буруугаас вэ? 

 

УИХын гишүүн Г.Баярсайхан: Би шинэчлэлийн, манай АН, миний намын Засгийн газрын бодитой зүйлийг хэлмээр байна. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна. Энэ бол харамсалтай. Гол, гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эзийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байна. Би үүнд л харамсч байна. Хайран сайхан алтан боломжоо алдаж байгаа юм. Бид өргөн, нарийн гэж маргалдаж байхад Оросууд төмөр замаа бариад аль хэдийнэ Монголыг ардаа орхисон. Оросын захиалгын дагуу улстөрчид нь үзэлцээд байх хооронд хойд хөршийн ах нар нүүрс нийлүүлэлтээр бидний урд орчихлоо. Бид ийм л хөгийн байна.

Эдийн засагч Н.Давшзэвэг: Ам.долларын эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, ханшийн том савалгаа гаргахгүй байх талаар  Монголбанк дутагдал доголдолтой ажиллаж байна. Ханшийн хөдөлгөөний үндэс нь төлбөрийн тэнцлийн өөрчлөлтүүд байдаг. Эдийн засгийнхаа гадаад секторын өөрчлөлтийг, дотоодын үйлдвэрлэл бизнесийн хандлагатай уялдуулсан бодлого үгүйлэгдэж байна. Монгол Улсын гадаад секторын  дордолт нь төгрөгийн ханшийг унагах суурь нөхцөл болж байна. Төгрөгийн ханш оны эхээс 11 хувиар өссөн нь хүчтэй савалтад тооцогдоно. Импортын бараа, гэрээний үнэ 11 хувиар өслөө гэсэн үг.  Ийм байдал дахиад цаашаа үргэлжлэх юм  бол төгрөгөөс зугтах үзэгдэл газар авч, удирдлагагүй болж ч болно. Монголбанк валют зарах, авах замаар ханшийн хэлбэлзлийг огцом  савлуулахгүй байх үүрэгтэй.  Энэ ажлаа учир дутагдалтай хийснээс том савлагаа үүслээ гэж би бодож байна” ,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Валютын ханшийг сүүлийн нэг жилд огцом өсгөсөн гол шалтгаан нь экспорт буурснаас үүдэлтэй. Үүнээс гадна гадаадын шууд хө­рөнгө оруулалт эрс багассан. Гу­рав­дугаарт, Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ багассанаас болж валютын ханш өссөн. Үүнээс болж дээрх эрсдэл эдийн за­сагт үүсч байгаа юм. 

 

 

 

Энэ бүхнээс  үзэхэд Засгийн газар  ажлаа хийж чадаагүй  болох нь батлагдаж байна.  Ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг жишээ нь  Засгийн газраас энэ оны төсвийг батлахад ам.долларын ханш 1384 төг­рөг байна гэж эрх баригчид тайл­бар хийж байсан ч тэд өнөөдөр хэлсэндээ хүрсэнгүй.   Ам.долларын ханүийг хэлсэндээ барьж чадаагүйгээс болж    өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа.  

 Одоо ам.долларыг бууруулахад  Монголбанктай хамтарч ажиллах цаг болсог юм биш үү?  Ерөнхий сайдаа.  Их тэнгэрийн амнаас амьдрал  сайхан  л харагдаж байгаа байх.  Ард түмнийхээ дунд ороод амьдрал ямар байгааг өөр өнцгөөс нэг хараад үзээрэй.

А.Баярмаа