Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар   2014  оны  02 дугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн  9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлжээ.  

        Дээрх сум нь нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг BLAZER үйлдвэрийн 22 маркийн калибрь галт зэвсэгийн сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. 

        Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

        АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Галт зэвсэг, сумыг улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж импортолдог бөгөөд хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээгэдэг юм байна.

А.Баярмаа