Энэ сарын 8-нд “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвныг бүтээх гүүр” жагсаал зохион байгуулагдана
2014/03/05
Монголын Залуучуудын Холбооноос санаачлан МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүдийн клуб”-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3-р сарын 8-ны өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ. Бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн дэмжих, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг баталгаажуулах, тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажиллаж байгаа бүхий л төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгаа талаар асуудал хөндөж, уриалгуудыг гаргалаа. Мөн энэ үеэр “Залуу эмэгтэйчүүдийн клуб”-ийн бүсгүйчүүд “Join me on the bridge” олон улсын хөдөлгөөн буюу “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвныг бүтээх гүүр болдог” тайван жагсаал алхалтыг зохион байгуулахаар болжээ. 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөн анх удаагаа зохион байгуулагдаж дэлхий дахинаа мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж тайван жагсаал зохион байгуулаад 4 жил болж байгаа юм байна. Энэ хугацаанд дэлхийн 70 гаруй оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна. Тэгвэл олон улсын энэхүү хөдөлгөөнийг Монголд анх удаа МЗХ-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубээс санаачлан хийж байгаа бөгөөд 3-р сарын 8-ний 11.00-13.00 цагийн хооронд Энхтайвны гүүр хүртэл тайван жагсаал үргэлжлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдийн эрх ашиг ихээр зөрчигддөг, дайнтай орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилготой юм байна. Мөн эерэг өөрчлөлт, шинэчлэл энгийн зүйлээс эхэлдэг тул МЗХ энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон уриалгуудыг гаргахаас гадна энэ өдрөөр эмэгтэйчүүддээ согтууруулах ундааны зүйлсээр бэлэг барихгүй байхыг уриаллаа.