Дорнод аймаг, Матад суманд байрлах “Петрочайна дачин тамсаг” компанийн талбайд гал гарч хоёр хүн нас барсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийн талаар  ОБЕГ  болон Газрын тосны газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.  Тодруулбал, Дорнод аймгийн Матад суманд байрлах Петрочайна дачин тамсаг компанийн БХГ-т Тосон-Уул XIX талбайд байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт 2014 оны 3-р сарын 10-ны 20:48:14 цагт экспортын тосны ачилтын 6 дахь ээлжийн 10 машины тосны ачилтын үед гал гарсан байна. Гал гарсан шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд тосны ачилт хийлгэн эгнэн зогссон 10 машины баруун захаас 3 дахь машинд гал гарч дэлбэрэлт үүссэн байна.  Улмаар бусад машин ээлж дараалан шатсан ажээ. Энэ үед ээлжийн оператор н.Цэдэнзэлэм тэр даруйд  ачилтын шахуургыг хаасан тул тос алдагдаагүй. Мөн Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн шугам хоолой, танк савнуудын аюулгүйн хавхлагыг хаан, цахилгааныг түр таслан галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ.

Уг галд БНХАУ-ын компанийн эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн нийт 8 машин шатжээ. Үүнээс гадна БНХАУ-ын харъяат 2 мэргэжилтэн одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.  Тэднийг нас барсан гэж үзэж байгаа бөгөөд талбайд 2 хүний хэн болох нь тодорхойгүй цогцос байгаа ажээ.  Үүнээс гадна  БНХАУ-ын CNPC экспортын тосны тээврийн компанийн жолооч 40 орчим насны эрэгтэй хүн галд өртөн 70%-ийн түлэгдэлттэйгээр Бичигт боомтоор БНХАУ руу яаралтай хүргэгдсэн.

Галыг шөнийн 2:30 цаг орчимд гал унтралтын байдалд орсон хэдий ч бага зэргийн шаталт үргэлжлэн явагдаж байна.

 

Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн зөвхөн ачилтын хэсэг галд өртсөн бөгөөд байгууламжийн бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, 110 кВт-ын дэд станц, перфораци, шингэн хагалбарын шингэнг цэвэршүүлэх caн зэрэг болон ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол аюул гараагүй.

Одоогийн байдлаар осол гарсан газарт Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга н.Оюунбаатар, Гаалийн газрын дарга н.Винтов, Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн н.Дугарсүрэн, н.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын байцаагч н.Ганбат, Прокурорын газрын дарга н.Нямтайван, мөн шүүх, эмнэлэг, түргэн тусламж, Матад сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч нap ирж, хэргийн газар дээр үзлэг шалгалт хийж байна.

БНХАУ-аас Дачин Ойлфийлд компанийн ерөнхийлөгч бусад албаны хүмүүстэйгээ очиж холбогдох арга хэмжээг авч байгаа ажээ.  

 

 

Энэхүү осолтой холбоотойгоор  ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржоос цөөн зүйл тодрууллаа.

- Галын улмаас хичнээн тонн тос шатсан бэ?

-  Том ачихдаа зургаан ээлжээр зөөдөг юм билээ. Нэг ээлжинд 20 тоннын 10 машин ажилладаг.   Осол гарах үед 80 орчим тонн тос юүлж байсан гэх мэдээлэл ирсэн байгаа.

- Галын дүгнэлт  хэдэн хоногийн дараа гарах уу?

- Яаралтай гарна.  Долоо хоногт багтаад гарчих байх.  

- Дачин Ойлфийлд компанийн зүгээс осолтой холбоотойгоор ямар мэдэгдэл, мэдээлэл өгөөд байна вэ?

- Дачин Ойлфийлд компанийн ерөнхийлөгч нь ирээд нөхцөл байдалтайгаа танилцаж байгаа юм билээ.  Одоо Шадар сайдын үүрэг өгч ажлын хэсэг гарч байгаа.

- Гал гарсан талбайн хэмжээ хэдэн м2 вэ?

- Тэр мэдээлэл одоогоор надад алга.

- Осол граасн газар нь тос боловсоруулах үйлдвэрээсээ хэр хол вэ?

- 500 орчим метр.

- Одоогийн байдлаар гал бүрэн унтарсан уу?

- Яг одоогийн байдлаар гал бүрэн унтраагүй байгаа. Гэхдээ аюулгүй байдалд байгаа.  Ажлын хэсэг галыг хамгаалалтад аваад байгаа.

 

- Тодруулга өгсөнд баярлалаа.

 

 

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хувьд гал унтраах нэг  машинтай бөгөөд  галын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг нь галын дүгнэлтээс тодорхой болох юм. Газрын тосны газар өнгөрсөн жил улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 90 орчим хувийг  Тамсагийн сав газраас  олборлосон тос ажээ.  Өнгөрсөн жил ы манай улс 5 сая баррель буюу 686 000 тонн газрын  тос олборлосон байна. Үүний 616 000 орчим тонныг Тамсагийн сав газраас олборлосон байна.

 “Петрочайна дачин тамсаг” ХХК осол гарсан  19-р үйлдвэрлэлийн баазад 200 гаруй ажилчин байдгаас  40 орчим нь хятад ажилчин бөгөөд үлдсэн нь  Монгол ажилчид гэнэ. Улс хоорондын тээвэрт хятад жолооч нар ажилладаг гэнэ.  

 

А.Баярмаа