Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиогоод удаагүй байна. Харин эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж, наргиж цэнгэсэн охид, эмэгтэйчүүд олон байсан юм. Ер нь ч монголчууд ямар ч баярт ач холбогдол өгч, нүсэр тэмдэглэдэг болоод багагүй хугацааг үдэж байгаа. Үүнтэй холбогдуулан зарим хүмүүс уриалга гаргах болсон. Тэдний нэг нь НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга юм. Тэрбээр залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой клубүүдийг үүр цайтал ажилладаг болгох уриалга гаргажээ. Энэ асуудлаар түүнтэй ярилцлаа.  

-Таны санаачилсан уриалга их сонирхол татлаа. Учир нь залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх клубүүдийг үүр цайтал ажилладаг болгоно гэхээр сонирхолтой байна л даа?
-Монголчууд олон баярыг янз янзын хэлбэрээр өргөн дэлгэр зохион байгуулдаг болсон. Үүний нэг нь Мартын-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байсан. Энэ баярын гол утга нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох  өдөр болгон тэмдэглэдэг. Энэ ч утгаараа  дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг ярьж хууль тогтоомж гаргадаг. Харин монголчуудын хувьд илүүтэйгээр ээжийгээ, найз охиноо, эмэгтэйчүүдийгээ баярлуулж тэмдэглэдэг. Тиймээс энэ өдрийг илүү асуудал шийдсэн өдөр байгаасай гэсэндээ энэ уриалгыг гаргасан юм. Энэ уриалгын цаад утга нь яагаад эмэгтэйчүүдтэй холбогдов гэхээр Монгол Улсын хуульд зааснаар баар, цэнгээний газар, клубүүд шөнийн 00.00 цаг хүртэл ажиллах ёстой. Гэтэл харамсалтай нь өнөөдөр шөнийн 00.00 цаг хүртэл ажиллаж байгаа цэнгээний газар, шөнийн клуб ховор байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Ихэнхдээ шөнийн 03.00-04.00 цаг хүртэл хулгайгаар ажиллаж байна. Хуульд заасныг хэрэгжүүлэхгүй, хуулийг баримтлахгүй нүд хуурч, далдуур хууль зөрчдөг энэ байдлыг арилгах хэрэгтэй. Тиймээс л ийм уриалга гаргасан юм.

-Энэ уриалга хэрэгжих боломжтой юу. Мэдээж хэрэг хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт орох нь байна шүү дээ?
-Миний гаргасан уриалга бол клубүүдийг бүгдийг нь биш, тодорхой тооны шаардлага, стандарт хангасан газруудад зориулж, “Шөнийн клуб”-ын хууль, журам гаргаж, татвар хураамжаа аваад үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгөх хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа газруудын дийлэнх нь хууль бусаар, эрх мэдэлтнүүдийг авлигадан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хэнд ч илэрхий. Уг нь хуулиа дагах ёстой. Гэтэл өнөөдөр энэ үйлдлийг нь хууль сахиулагчид, хууль тогтоогчид мэддэг ч өөрсдөө ороод явж байдаг, үүнийг нь иргэд, залуучууд мэддэг. Тэгэхээр Монгол Улсад хууль гэж байдаг юм бол шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулаач, эсвэл хуулиа өөрчилж “Шөнийн клуб”-ын тухай хууль гаргаад хуулийнх нь хүрээнд ажиллуулаач ээ. Дэлхийн аль ч оронд залуучууд нь цөөн шил шар айраг аваад хэдэн ч цаг суух боломжтой байдаг. Гэтэл Монголд болохоор цагтаа баригдаад тэр хугацаандаа ихээр уухыг эрмэлздэг. Энэ хандлагыг хэрхэн яаж өөрчлөх вэ гэхээр цаг хугацааны хязгаарлалтыг эвдэх хэрэгтэй. Тэгж байж залуучууд чөлөөтэй, тайван өөрийнхөө хүссэнээ хэрэглэдэг хэлбэр рүү шилжинэ. Үүрийн гэгээгээр гэмт үйлдэл хийж, буудал хайх залуус гэж ер нь байхгүй шүү дээ. Магадгүй клуб өглөө болтол ажилладаг болбол залуучууд маань өглөө 06.00 цагт нар мандаж байхад гараад буудалд оръё гэхийн оронд усанд орчихоод ажилдаа явъя гэдэг хандлагатай ч болж болох юм. Гэхдээ энэ бол өглөө болтол уугаад бай гэсэн үг биш. Өнөөдөр ажилтай залуучууд маань соёлтой, боловсон болсон. Залуусын хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн зөрчил гарч, зодоон боллоо гэхэд тухайн клуб хариуцах зэргээр журам гаргаж өгч болно шүү дээ. Гэтэл ардчилсан гэгдээд байгаа Монгол Улсын нийслэлд шөнийн 00.00 цагт клуб битгий хэл бараг онгорхой дэлгүүр ч олддоггүй. Ингээд бодохоор дэндүү харамсалтай дүр зураг хөгжиж буй их хотод минь байна. Мөн насны хувьд болоод зарим асуудалд олон улсын жишгийн дагуу хязгаарлалт, зохицуулалт хийгээд явчих юм бол энэ нэг их асуудалтай зүйл биш юм.

-Энэ  уриалгыг тань дэмжиж байгаа, хамтран ажиллахаар гар нийлсэн хүмүүс байгаа юу?
-Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо гэж оюутны томоохон хүчирхэг залуучуудын байгууллага үүнийг дэмжиж байна. Энэ бол зөвхөн миний хүсэл биш ээ, олон залуус үүнийг хэлж ярьсаар ирсэн. Залуучууд, олон нийтийн байгууллагууд, цэнгээний газрууд ч хамтран ажиллах талаар холбогдоод, нэгдэж ярилцаж байгаа, судалж буй зүйлс ч их байгаа.

-Нэгэнт цагийн хязгааргүй болгочихвол ахуйн хүрээний архидалт багасч, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт буурах болов уу. Тийм тооцоо судалгаа хийж үзсэн үү?
-Тийм ээ. Хуулийн хүрээнд үйлчилгээний газруудаасаа татвараа авахаар төсөвт орлого нэмэгдэнэ. Яаран уудаг байдал өөрчлөгдөж, шөнө хагаслан гарч хохирогч болох, хэрэгтэн болох гээд бүхий л зүйлсэд сайн үр нөлөөтэй нь илэрхий. Өглөө, өдөр, орой, шөнийн хэзээ нь гэмт хэрэг зөрчил илүүтэй гарч байгааг дурын мэдээллийн хэрэгслээр харж болно. Үүнийгээ дагаад олон асуудал шийдэгдэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаа.

 
Н.Батчимэг