Сүүлийн үед "АСА" хувьчлалын асуудлын талаар сөхөгдөн тэр дундаа их аварга Д.Дагвадорж холбоотой таагүй мэдээлэл гараад байгаа.  Тодруулбал,ШӨХТГ-аас шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн талаараа сэтгүүлчдэд мэдээллэсэн. “Асса” циркийн ан амьтан, мал сүрэг хуучин тоо ёсоор байхгүй, уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилт болон тоглолт байхгүй, циркийн байранд РС тоглоомын газар ажиллаж байна гэх зэргээр шүүмжилж, шаардлага хүргүүллээ гэж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр “АСА” циркийн захирал, мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, Хуулийн зөвлөх н.Батчимэг, "АСА" циркийн ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар хэвлэлийн бага хурал зарлан өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Их аварга Д.Давгадорж "Сүүлийн үед цагааныг хараар буддаг зүйл их яваад байна. Үүн дээр би их бухимдаж байгаа. ШӨХТГ-ын явуулсан бичиг баримттай уншиж танилцсан. Энэхүү бичиг баримт дээр бодит үнэнд нийцэхгүй тоо баримт их байна. Шударга үнэнийг хэлэхийг хүсч байна. Намайг өнөөдөр циркийг үнэгүй авчихсан гэж бодоод байх шиг. Нэг талыг барьсан мэдээлэл цацагдаад байна. Тухайн үед циркэд Галын домог гээд тоглолт 2 өдрийн турш тоглосон. Тэгэхэд хэвлэл мэдээллийнхэн нэгэн ч ирээгүй. Яам, сайдын дарга, нарийн бичиг нарт бүгдэд нь урилга өгөхөд хэн ч ирдэггүй. Харин гадны элчин сайдууд ирж үздэгт би баярладаг. Анх намайг хувьчилж авахад ердөө гуравхан гэрэлтэй байсан. Мал нь бүгд хөгширсөн, үнсэндээ цоггүй болчихсон байсныг өдий зэрэгт хүргэсэн. Би нийгмийн хариуцлага үүрсэн Монгол улсын иргэн хүн. ШӨХТГ-аас ирж шалгалт хийхдээ дотор манижанд бэлтгэл сургалтуудаа хийж байгаа уран бүтээлчдийг авсан нэг ч гэрэл зургийг аваагүй. Тэгсэн хирнээ гадуур тойрсон түрээслэгч нарын зургийг авч мэдээллээ цацсанд гомдолтой байна.

Ийм байж ШӨХТГ бидний үйл ажиллагаатай танилцаагүй байж бэлтгэл сургуулилт, тоглолт байхгүй, 60 гаруйхан уран бүтээлчидтэй үлдсэн гэх мэтээр гүтгэн мэдээллэсэн. Өнөөдөр манайд гэрээтэй 135 уран бүтээлч өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийгээд тоглолтоо үзэгч олноо толилуулаад яваа. Гэтэл ШӨХТГ-ын мэдээлэл дээр 168 уран бүтээлчтэй гэсэн тоо гаргачихсан байна. Өнгөрөгч 2013 оны ажлын гүйцэтгэлээс харвал ганцхан жилийн дотор 41 уран бүтээлийг бэлтгэж нийтдээ 82 удаа тоглолтоо олонд хүргэсэн. Гадаад 200 гаруй удаа тоглосон байгаа. Үүнийг юм хийгээгүй гэдэг юм уу? Бид циркийг хувьчилж аваад соёлын ажлаасаа пиарын асуудлаа орхигдуулсан байх. Үүнийгээ бид засаж ажиллана. Өнөөдөр алтан маниаж сүйрээгүй шүү. Тэрнээс бид хийсэн ажилтай улс. Нэг улиралд дундажаар бид 80 сая төгрөгийг улсдаа татвар гэж төлдөг " хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр "Худал зүйлийг мянга давтвал үнэн болдог. Би арай ч дээ гэмээр зүйл дээр дуугарна шүү. Өнөөдөр "од" кино театр, Хүүхдийн театр хаана байна, Элдэв очир кино театр хаа байна аа? үүнээс эхлэж ажлаа хий Магнай. Битгий зүгээр ажлаа хийгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүс рүү дайраад бай.  Магнай өөрөө үзээгүй байж манайд ийм алдаатай шаардлага хүргүүлчихээд сууж байна. Төрийн ажлыг ингэж хийхгүй ээ. Төрийн ажлыг хувийнхаа амбицад ашиглахгүй шүү, О.Магнай. Намайг хорь гаруйхан настай Монгол Улсынхаа нэр хүндийг тив дэлхийд цуурайтуулаад явж байхад О.Магнай дүү юу хийж байсан юм. Зодог тайлаад шуугиан тарьж байхад О.Магнай талбай дээр жагсаал цуглаан гутган үймүүлээд явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн холбогдох газраар шалгуулах юм гэнэ. Энэ нь цаанаа учиртай. Энэ дүүргийн МАН-ын үүрийн даргаар Д.Сумъяабазар ажилладаг. Ингэж улстөржилт хийхгүй.

Манайх чинь хувийн хэвшлийн байгууллага, хэн нэгний хийдэг улстөр биш гэдгийг хэлчихье. Ингэж ярих юм бол долдугаар сарын 1-ний аймшигт явдлыг хэн өдүүлсэн. Тавын таван хүний амийг хэн авсан. Үүнийг хэн зохион байгуулсан бэ. Ярьвал ярих юм их бий шүү. Ийм зүйл байж болохгүй. Сэтгүүлчид та бүхэн ч манай үйл ажиллагаатай өдөр бүхэн танилцаж очиж үзэж болно нээлттэй. Тэнд ямар ажиллагаа явагдаж байгааг өөрсдөө нүдээрээ үзээд зөв мэдэллийг олон нийтэд өг.  Би ийм хувийн амбицаар төрийн ажил явуулж байгаа Магнайг хэрхэн ч зөвшөөрөхгүй, хатуу тэмцэнэ гэдгээ ахин хэлье" гэлээ.

ШӨХТГ-аас АСА циркид ирүүлсэн албан бичгийн шаардлагат гар засвари орсон байсан гэдгийг хуульч н.Батчимэг хэллээ. Тодруулбал, уг албан бичгээ гуравдугаар сарын 7-нд ирүүлсэн аж. Гэтэл ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ талаараа энэ сарын 6-ны өдөр сэтгүүлчдэд мэдээллэсэн. Мөн байгууллагын тухай хуулийг зөрчиж олон нийтэд байгууллагын гэрээг дэлгэсэн гэдгийг хэлсэн юм.

Х.Даваа