Материал хүлээн авах хугацаа удахгүй дууслаа
2014/03/11
“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлагдаад арав гаруй хоног өнгөрлөө. Энэ хугацаанд 20 гаруй материал ирсэн бөгөөд илтгэлийг ирэх 3 дугаар сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хуульчдын холбооны байрны 501 тоот өрөөнд бичгээр болон http://myf.mn/ цахим хаягаар авах юм байна.
Уралдаан хоёр шаттай явагдаж, эхний шатанд оролцогчид материалаа өөрийн биеэр файлын хамт өгөх, шалгаруулалтын дүн ирэх 4 дүгээр сарын 1-нд гарах бол хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх 4 дүгээр сарын 6-ны 10.00 цагт Хуульчдын холбооны байр, Хуульчдын танхимд болох юм байна. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй дээрх эрдэм шинжилгээний хуралд хуульч мэргэжилтэй, эрх зүйч мэргэжлээр баклаврын сургалт явуулдаг их дээд сургуулийн 3-аас 5-р дамжаанд суралцдаг оюутнууд оролцох юм.
Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв нь “Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал дэвшүүлэх” бөгөөд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах, цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилоготойгоор дээрх эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах юм байна.