Монголын Залуучуудын Холбоо малчин залуусаа хятад мотоциклоос татгалзах дорвитой ажиллууд хийхээ мэдэгдлээ
2014/03/12
Сүүлийн үед хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болж, эд насандаа явж байгаа залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа бөгөөд бүр гамшгийн хэмжээнд очсон гэж хэлж болно.
Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, энэ байдлыг цэгцлэх арга замыг олохын тулд олон ажлууд хийгдэж байгаа ч яг нүдэнд үзэгдэж, гарт баригдах, үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгдээгүй, 18-35 насны залуу хүмүүс осолд холбогдож байна гэсэн тоо баримт, судалгаан дээр үндэслэн Замын цагдаагийн газар хятад мотоциклийн импортын асуудалд анхаарал хандуулахыг Гаалийн ерөнхий газраас хүссэн баримт бичиг хүргүүлсэн нь мартагдаад өнгөрсөнийг санаж байгаа байх. Хятад мотоциклын эрэлт хэрэгцээ өсч худалдан авалт жил ирэх бүр нэмэгдэж байна гэдгийг борлуулагчид хэлж байсан юм.
Одоо энэ байдлаас хэрхэн, яаж гарах вэ гэдэг дээр арга мухардаад байгаа гэж хэлж болно. Тэгвэл саяхан залуучуудын төв байгууллага болох МЗХ энэ тал дээр дуу хоолойгоо нэгтгэж, дорвитой ажлуудыг хийх тухайгаа твиттерт жиргэсэн байна. Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдах “Залуу малчдын чуулган” энэ 5-р сард болно. Энэ үеэр залуучуудыг хятад мотоциклоос татгалзах, сайн мотоциклуудыг зээлээр авах нөхцөл боломжийг судлах гэхчилэн дээрх аюулаас залуучуудаа аврах бүхий л ажлыг зохион байгуулах талаараа танилцуулах юм байна.
Өнгөрсөн 2012 онд мотоциклтой холбоотой 371 осол гарчээ. Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоос болсон бөгөөдөөрийн болгоомжгүйгээс болж онхолдсон 134 хүн, обуд хагарснаас болж 22 осол гарчээ. 2013 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 67 осол гарснаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн хэмээх гашуудам мэдээ байна.
Нэгхэн шөнийн дотор таван өөр газарт таван хүний амийг авч одсон харамсалтай мэдээ ирж байсан нь өнгөрсөн тавдугаар сарын 22-23 шилжих шөнө юм. Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Булган гэх аймгуудад "тэр хар шөнө" мотоциклийн осол гарч таван хүн амь насаа алдсан ноцтой хэрэг бүртгэгдсэн. Нэг нь машинтай мөргөлдөж аваарт орсон бол бусад нь онхолдох байдлаар осолджээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Бор бургас гэх газар 27 настай эрэгтэй Б, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар багийн нутагт 40 настай эрэгтэй Т нар мотоциклтой явж байгаад дугуй нь буудаж, улмаар нас баржээ.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 41 настай, эрэгтэй Б, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт 39 настай, эрэгтэй Н нар хятад мотоциклоос унаж нас баржээ.