Сүүлийн 20 жил чадахгүй хүмүүсийг чадна гэж хөөргөж, мэдлэг боловсролгүй хүмүүсийг мэргэжил шаардсан өндөр албанд томилж, улс орон авч явах зориг эрмэлзэлгүй дээр нь бас юм үзээгүй хүмүүсийг төрийн дээд тушаалд суулгаж ирцгээлээ.
Хоосон үг ярианд хууртагдаж, амны урлагтай хүнийг мундаг гэж, үлгэр домог ярьсан хүнийг таалж явсаар бүдүүлэг, ичихгүй, хувиа хичээсэн, өөрийнхөө төлөө хэнийг ч яахаас ч буцахгүй хүмүүсийн ёстой нөгөө эзэгнэл гэдэг чинь Монгол оронд нүүрлэлээ. Төр сулрахаар анархизм гаарч зөвхөн нударганы хууль үйлчилдэг болохыг бүгд л мэдэрсэндээ.
 
Ардчиллын гэх нэртэй жилүүдэд Монгол оронд хэдийгээр улстөрийн лидер болох боломжтой хүмүүс байсан хэдий ч тэд боломжоо ашиглаж олигтойхон лидер болж чадалгүй доройтоцгоолоо. Бусдын тус дэмэнд дулдуйдаж хэт их хувиа хичээж арчаагүй зан гаргасан тул энд ярих гэж буй 5 хүний хэн нь ч лидер болох боломжоо ашиглаж чадсангүй. Тэдэнд гаднах нөхцөл бүрэлдсэн байсан хэдий ч дотоод нөхцөл бүрэлдсэнгүй. Энэ хүмүүс улстөрийн боловсролгүйгээ хүлээн зөвшөөрч мэдлэг боловсролдоо анхаараагүй тул хоосон хэвээр үлдэж өндөр албанд очсон хойноо яахыгаа мэдэхгүй будилцгаасан.
 
Лидер хүн барагцаагаар эсвэл таамгаар улс орныг удирдаж яаж болох вэ дээ. Хоосон л бол хоосон шүү дээ. Ядаж хажуудаа зөвлөгч нэрийн дор хүн авч түүнийгээ ч улстөрийн онолоор бэлтгэж чадсангүй өөртэйгөө адил бас л хооснуудыг цуглуулсан. Ингээд ухаангүй ноёнд урагшгүй албатууд олширч Монгол орон лидергүй 20 жил явж ёстой л хээр морь болцгоох шив дээ.
 
Сүүлийн 20 жилд ажиглагдсан хачирхалтай нэг үзэгдэл бол хүмүүс хөөргөх бүрд даруухан зан гаргаж дагаж хөөрөхгүй татгалзаж, өөрийнхөө чадахгүйг нуулгүй хэлэхийн оронд дагаад хөөрөх юм. Засаад янзлаад авбал овоо нэг лидер болчихмоор хүмүүс ядаж хэл усгүй. Овоо хэл устай гээд буйгий нь засаад зөвлөөд урагш нь зүтгүүлэх гэхээр хоёрын хооронд мэдлэгт итгэхээсээ илүү хагас дутуу мухар сүсэгт итгэж номын дуу сонсохоороо толгой нь эргэж тархиа цэнэглэх зориг хатуужилгүй. Уул нь хүний тархи 70 байтугай 80 нас хүртлээ сайхан сэлүүхэн ажиллана шүү дээ. Тархи судлаачид хөгшрөх тусам хүний тархи сайжирах жамтай гэж бичжээ.
 
"Алдагдсан хүү" С.Баярын "сураг"
 
Саяхан алс хол Америкт амьдарч байсан С.Баяр гэж хүний ярилцлага ямар ч зорилготой юм бэ бүү мэд өгсөн дуулдлаа. Би ярилцлагыг нь уншаагүй. Ер нь унших ч сонирхол алга. Гэхдээ энэ хүний тухай гэнэт яриа өрнөөд эхлэхээр өөрийн санамж дотор минь байсан олон зүйлс гэнэт сэргэсэн тул ганц хоёр тодхон санагдсан бодлоо энд буулгалаа. Энэ хүнийг Монголын улстөрийн тавцанд юу хийж бас юу хийгээгүй тухай энд би дүгнэсэн зарим дүгнэлтүүдээ бичлээ.
 
С.Баярыг олон улсын хэллэгээр “алдагдсан хүү” гэж нэрлэхээр хүн ажээ. Алдагдсан хүү гэж гэр орноо хаяад явсан, аав ээждээ тус болох нь өнгөрсөн, ах эгч дүү нараа бараг л танихаа больж тэднийгээ хайрлахаас илүү үзэн яддаг ийм л нэгэн хүүг нэрлэдэг. Алдагдсан хүү тэгэхээр гэрээ мартсан биш. Яагаад гэвэл тэр хүн чинь бас мартуулахгүйг хичээгээд холоос ч гэсэн дуу чимээ өгөөд байна шүү дээ. Алдагдсан хүү хэзээ гэртээ ирэх юм бэ бүү мэд. Ерөөсөө ирэх ч юм уу.
 
С.Баяр гэж хүн өнөөгийн бүхий л дундаж насны энэ улс орныг авч яваа Монголчуудтай адил социализмын үеэс төрж гарсан нэгэн. Тэр хүн улс орныхоо ачаар Орос оронд суралцжээ. Дараа нь бас Орос оронд төрийнхөө даалгавраар элчин сайдын ажил хүртэл хийж явсан. Өнөөдөр түүнийг төрийн хүн гэх нэгэнт боломжгүй болсон тул зүгээр л дурсан ярих төдий бараг л энд бичиж буй өгүүлбэрүүд өнгөрсөн цаг дээр л бичигдлээ. Хэдийгээр С. Баярын тухай бичиж буй өгүүлбэрүүд өнгөрсөн цаг дээр бичигдсэн ч тэр хүний хариуцлага өнгөрөөгүй шүү дээ.
 
Муу хэлдэг социализмын үеийн хөгшчүүд 90 онд Сүхбаатарын талбай дээр олон залуус гарч ирж огцор огцор гэж хашгирахад хүний урманд ганц ч залуугийн нүүр шалбараагүйгээр Монголын төр огцорч төрийн ордноо тэр залуучуудад май ав гээд өгсөн. Тэгвэл 7 сарын 1 гэж нэрд гарсан тэр өдөр 5 сайхан Монгол хүнийг яг янзага буудаж алахтай адил элдэж байгаад буудаж алсан. Алуурчныг хэн ч олж тогтоосонгүй. С.Баяр энэ тухай Монголын ард түмэнд мэдээлэл хийх өртэй.
 
МАХН-ын байр шатсан болохоос Монголын төрийн ордон шатаагүй. Намын байр гэдэг тухайн байгууллагын байр болохоос төрийн мэдлийн байр биш.
 
Монголын алдагдсан хүү С.Баяр эх орноо орхиж, ард түмэндээ тус болохгүй өвгөд хөгшдөө түшиж торниж, залуу үеэ хайрлаж, сурган хүмүүжүүлж, улстөрийн мэдлэг туршлагаа өвлүүлэн үлдээлгүй алсын Америк гэдэг хүн хүндээ чоно болсон хөрөнгөт ертөнцийг сонгожээ. Нэгэн цагт Америк болон Орос орон хоёр дэлхийн хоёр туйлыг барьж улстөрийн хүчний харьцааг тэнцүүлж байсан үе саяхан. С.Баяр залуу зандан насаа Орос оронд өнгөрөөж Америкийн эсрэг хүмүүжсэн атлаа өнөөдөр яагаад Москва хотод амьдрахгүй Америкийг сонгов. Залуу насандаа үнэнч бишүү. Яаж л бол яаж ч хувирч хаашаа л бол хаашаа ч бултахад бэлнэ үү. Ази, Африкийн орнуудын улстөрчид ард түмнийхээ хөрөнгөөс хумслаж баяжаад Европ руу эсвэл Америк руу зугтаадаг олон жишээнүүд шинэ биш хуучин. 60–аад оноос л эхэлсэн дэлхийн жишээнүүд. Тэндхийн улстөрчид өөрсдөө зугтаадаггүй юмаа гэхэд авгай хүүхдүүдээ Европд сайхан амьдруулж эсвэл Америкт баян тансаг байлгадаг жишээнүүд бол Англи, Америкийн колони байсан орнуудын удирдагчидийн байдаг л нэг эмгэнэлтэй үйл явдлууд.
 
Хүний мууг дууриахгүйгээр эх орныхоо төлөө ажиллаж амьдарч авгай хүүхдүүдээ даруухан ёс жаягтай байлгаж дур шунлыг нь хазаарлаж хязгаарладаг ядуу орнуудын улстөрийн зүтгэлтэнүүдийн жишээ бас цөөн биш олон. Английн Лондон хотод их л олон Монголын хуучин болоод шинэ улстөрчдийн байрууд зэрэгцээд оршдог сурагтай. Бусдын мууг нь дууриахаар сайныг нь дууриаж чадвал ёстой л үлгэр жишээтэй гэх болов уу. Ер нь ард түмнээ ядууруулаад өөрсдөө баяжих ямар хүний ёс вэ? Энэ Монгол ёс мөн үү?
 
Яагаад С.Баярын тухай нилээд няхуур бичиж буй вэ гэхээр түүнийг 2008 онд ерөнхий сайдын албанд томилогдоход Монголын ард түмэн түүнээс ямар их зүйл хүлээж байсныг эргэн санаж бухимдлаа бараг л уураа гаргаж бичиж буй минь энэ. Тэр үед С.Баярыг хараад нийт олон ямар их баярлаж түүнээс ямар их зүйлийг найдаж байсан гээч. Нэгэнт л С.Баяр ааш муутай хямсгануур харагддаг тул түүгээр нь хүмүүс түүнийг хатуу ширүүн хурц гэж найдаж одоо л энэ ардчиллын үеийн муу муухайг цэвэрлэж сайхан болохнээ гэж найдсан. Тэр найдлага талаар өнгөрсөн. Ааш муутай хямсагнуураас цаашгүй байжээ.
 
Монголын ард түмний итгэл найдварыг эвдэх тийм ч сайхан зүйл биш шүү. Ард түмэн энэ удаа биш гэхэд хэзээ нэгэн цагт олигтойхон лидертэй болох л болно. Инээсэн, малийсан, бялдууч, үгээр аргалах гэсэн бас сайхан ярьж өнгөрөөх гэсэн тийм урваач шарваач хүмүүсийн цаг төгсгөл болох л жамтай. Монгол орны төр ямар байх ёстой болон цаашид ямар улстөрийн онол дээр улс орноо авч явах гэсэн асуултанд хариулж би жил гаруйн өмнө “Монголчуудын хар хайрцагны бодлого” гарчигтай төрийн тухай ном бичсэн. Энэ номондоо цаагуураа Монголын улстөрийн тэргүүлэх хүмүүст зориулж улстөрийн онол хэрэгтэй шүү гэж зөвлөсөн. Яагаад гэвэл намуудын дарга нар барууны улстөр болон зүүний улстөрийн ялгааг мэдэхгүй байдаг шүү дээ.
 
Онолгүйгээр цааш улс орныхоо төрийг авч явах ямар ч боломжгүй шүү дээ. Зүгээр яахав зөнд хаях гэвэл өөр хэрэг. Социализм эсвэл ардчилал ч гэсэн бүгд л сайн сайхан онолууд. Мэдээж зөв ойлгож зөв хийж чадвал социализм ч сайхан үүнтэй адил бас ардчилал ч сайхан асуудал шүү дээ. Гэтэл олон зүйлийг ойлгохгүй буруу хийж алдаа гаргасаар л байна. Би магад танил зүйлсийг давтсан байж. Гэхдээ ойлгох чухал шүү дээ. Дэлхийн улстөрийн хүчний харьцаанд хэдийгээр том өөрчлөлтүүд явагдсан хэдий ч энэ дунд өөрсдийгөө авч чадаж буй жижиг орнуудаас суралцах хэрэгтэй. Жишээлбэл Өмнөд Африк гэсэн нэртэй орон 6 ширхэг Атомын бөмбөгтэй тул юунаас ч айхгүй болжээ. Монгол орон өөрийгөө хэрхэн авч явах тухай олон зүйлийг бодож ухаалаг хандахгүй бол уралдаж баяжих гэсэн жижигхэн дур хүсэлтэй хүмүүс Монгол үндэстний ирээдүйг баллахад бэлэн болжээ. Ямар ч үнээр хамаагүй улс орноо зараад Азийн хамгийн баян хүн гэдэг зэрэг цол авах гэсэн эрхмүүд олширчээ. Тэд нэгэнт өөрсдийн үр хүүхдийн амьдралыг баталгаажуулсан тул мөн эх орон гэсэн ойлголтгүй болсон тул юуг ч тоохгүй байна шүү дээ.
 
"Лидерийн эрэлд"
 
Сүүлийн 20 жилийн анхны ерөнхийлөгч П.Очирбат нөгөө л зальжин зангаараа тэгс ингэс гэж аргалаад мөнгө төгрөгтэй болж аваад бултаад алга болох шивдээ. Түүний дараах Н.Багабанди бас л мөнгө төгрөг хөөж юухан хээхэн хийж титэм үгс хэлж зурагтаар ганц хоёр л үзэгдэх хирээний. Тэр титэм үгсээ намын гишүүддээ айлдсан бол өнөөдөр юу гэж ингэж аль ч үгүй үлдэх вэ. Н.Багабандын удаах хүн бол 3 дахь ерөнхийлөгч гэж нэрлэх дуртай Н.Энхбаяр. Энэ хүн 3 гэдэг зөвхөн тоондоо дуртай юм байлгүй. Бас л нэг мухар сүсэг. Хувь хүн мухар сүсэгтэй байж болно. Харин нийгмээ бас улс орноо мухар сүсэгт түлхэж бүр уриалж л болохгүй. За иймэрхүү л хэдэн лидер болох ёстой даан ч лидер болж бас байж чадаагүй хүмүүсийн өнгөрсөний тухай дурьдлаа.
 
4 дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж хүний тодорхой дүр зураг харагдахгүй л байна. Яагаад ч юм бэ юу хийгээд ч юм бэ энэ хүн л үлдчихсэн л байх юм. Үгүй мөн хачинаа л гэхээс өөр юу хэлэх вэ дээ. Мөнгө төгрөг яах вэ? Баян тарган болоо л биз. Дансанд байгаа хэдэн төгрөг барьж босгосон хэдэн барилга бол хаа ч байдаг л зүйлс. Мэдээж зөв замаар биш буруу замаар л олсон шүү дээ. Тэр яахав.
 
Хамгийн чухал юу вэ гэхээр төр улсын түүхүүдийг харахад баян тарган хүмүүс хэзээ ч улс орныг удирдаж авч явсан түүх алга. Харин шударга шулуун, эрч хүчтэй, зориг эрмэлзэлтэй хурц ширүүн тийм л хүмүүс ард түмнээ элгэндээ тэврэн хүний ёсыг барьж хүн чанараа алдалгүй авч явж иржээ. Чингис хааны дансанд ямар л их мөнгө байсан аждаа.
 
Ер нь улстөрч хүн болгон лидер болох чадваргүй ч гэсэн тэднийг олигтойхон бэлдэж сургаж чадвал болох боломж бий шүү дээ. Түүнээс биш хэдэн арван жилийн өмнө Орос оронд авсан дипломоо одоо хүчинтэй гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй. Ерөөсөө л хуучин мэдлэгээ шинэ мэдлэгээр сольж чадаагүй тул өнөөдрийг хүртэл Монгол оронд улс орон ард түмнээ аваад явж чадах зиндааны хүн бэлтгэгдсэнгүй. Сүүлийн 4 ерөнхийлөгчөө бараг хүчээр л төрийн хүн гэж муухан нэрлэж сулхан дэмжсэн дээ. Одоо тэгээд 5 дахь ерөхийлөгч бас л сулхан хүн гарч ирвэл ерөнхийдөө Монголын асуудал шийдэгдэж алтан дээр суусан гуйлгачин Монгол алтаа зарсан хойноо ч гуйлгачин Монгол болж үлдэхнээ.
 
Лидер хүнийг бэлтгэдэг олон жишээ бий. Хятадууд ямар олон шат дамжлагаар дамжуулж байж нас бие гүйцсэн 60 настай эрийг ерөхийлөгч болгов. Оросын Путинийг бас л Ельцин хажуудаа авч бэлтгээд шууд л улс орныхоо маш эгзэгтэй үед ерөхийлөгчөөр тавьсан. Германы канцлер эмэгтэй бол физикийн салбарт докторын цол хамгаалсан хүн. Энэ эмэгтэй монголчуудын хэлдгээр бараг номын цагаан ч бас хар ч солиотой. Америкийн ерөхийлөгчид бүгдээрээ л хамгийн нэртэй их сургуулиа төгсөж дүүргэсэн хүмүүс. Тиймээс хэзээ ч хэнийг ч тохиолдолоор эсвэл сэтгэлийн хөдөлгөөнөөр ерөнхийлөгч болгодоггүй ажээ.
 
С. Баяр гэж хүн лидер болох боломжоо алджээ. Алдагдсан хүү тэгээд хэзээ нэг гэрийнхээ үүдээр юу ч хийгээгүй юм шиг бас юу ч болоогүй юм шиг гудийхгүй ороод ирэх бол гэж буурал Монгол чинь хүлээж сууна. Зуун зууныг давж Хойд Азийн энэ их өргөн тал нутагт өөрсдийгөө олон ч тэмцэл хуйвалдааны дунд авч үлдсэн сайхан нутаг дээрээ Монгол олон чинь хүлээж сууна. Чамаас асууж лавлаж тодруулах зүйл их л байна даа.
 
Алсын Америкт чи баян тансаг амьдарч байгаа дуулдсан. Аршаантын 18-ын боорцог идэж ардчиллынханд дормжлуулсан боорцогтой Монгол чинь боорцогоо бариад угтах л болно. Америкийн бялуу тортноос Монголын боорцог дутахгүй л дээ. Ядаж боорцог эрүүл шүү дээ.
 
Ид нас бие гүйцэж, юм үзэж нүд тайлж, өгөөмөр сайхан сэтгэлтэй болж, эх орондоо ихийг бүтээж, хор найруулахгүй, муу санахгүй сэтгэлийн тэнхээ зориг хатуужлын эрдмээр улс орноо авч явах хүүдүүд маань оргож зугтааж, тэтгэвэрт сууж, шоронд орж, шоронд оруулж явах юм даа.
 
Америкийн ерөнхийлөгч Рузвелт гэж Америкийн домогт хүү алхаж гишгэж чадахгүй тэргэнцэр дээр сууж байгаад л улс орноо удирдсан шүү дээ. Монголын алдагдсан хүү минь. Хүүдүүд минь.