Нийслэлийн Баянгол дүүрэг өнөөдөр утгаараа Эрдэнэ вангийн хошуу болсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа.  Төрийн албыг төрлийн алба болгон “цус ойртсон” энэ байдал нь хэрээс хэтэрч хэд хэдэн хууль буй үйл ажиллагаа  болж байгаа ажээ.  Үүгээр ч зогсохгүй  өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ-ын цөөнхөө бөөрөлхсөн үйлдэл гаргасан байх юм.  Нүд үзүүрлэж байгаа энэ үйлдэл  2012 оны орон нутгийн сонгуулиас  өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа ажээ.  Тодруулбал УИХ-ын гишүүн,  Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү,  жолооч гэх мэтээр өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон.  Олонх болсон  цагаасаа эхлэн  С.Эрдэнийнхэн Баянгол дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлэгт албан өрөө гаргаж өгөх,   бүлгийн ажлын албаны хоёр ажилтаны цалинг 2 жилийн турш өгөхгүй байгаа ажээ.  

Албан тасалгаа гаргаж өгөхгүй байгаа шалтгаан нь жил жилээрээ өөр.  Тодруулбал  МАН-ын бүлэг  хууль ёсны дагуу буюу албан ёсоор байгуулагдсан эхний жил  БГД-ын ЗДТГ-ын  өргөтгөлийн барилга ашиглалт орохоор албан өрөө гаргаж өгнө гэсэн байгаа юм.  Ийм тайлбартай нэг жилийн нүүр үзэж байтал өргөтгөлын барилга ашиглалтад ороход  өнөөх хэлж байсан тайлбараасаа буцсан байгаа юм. Өөрөөр хэлбэл өргөтгөлийн барилгад багтаж шингэхгүй байнаа гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл БГД-ийн ИТХ-ын МАН-ын бүлэгт албан өрөө гаргаж өгөөгүй ажээ. Улмаар Баянгол дүүргийн засаг ноён, ИТХ бие биен рүүгээ бичиг цаас шидэлцэн асуудлыг шийдэж өгөхгүй байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй  албан ёсоор байгуулагдсан  МАН-ын бүлгийн ажлын албаны хоёр ажилтанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөгийн цалин өгөөгүй байна.  Үүнийгээ МАН албан өрөөгүй тул  МАН-ын бүлгийн ажлын албаны хоёр ажилтанд цалин олгохгүй хэмээн  тайлбарласан байгаа юм.  

Хүсэл байгаад,  сэтгэл гаргасан бол УИХ-ын гишүүн,  Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнийнхэн  МАН-д ганц өрөө гаргаад өгөх боломж уг нь байгаа.  Өргөтгөлийн барилга ашиглалтад орохоос өмнө буюу 2012 оныг хүртэл  БГД-ын ИТХ-ын бүлгүүд багтаад болоод байсан бол өнөөдөр өргөтгөлийн барилгадаа хүртэл багтахгүй байгаа ньучиртай.  С.Эрдэнийнхэн  зургаан хүн хийдэг ажлыг  гучин хүн хийдэг болгосонтой шууд холбоотой.  Уул шугамдаа эдийн засаг  хүнд байгаа үед төрийн  албыг ингэж данхайлгаж байгаа нь татвар төлөгч бидний мөнгийг  зүй бусаар зарцуулж байгаа  хэрэг юм.   

Энэ бол БГД-ийн ИТХ-д өрнөж байгаа олон асуудал, нотой үйлдлийн нэг.  Цаашид бид тус дүүрэгт өрнөж байгаа но-той, ноцтой үйлдлийг баримттайгаар цувралаар хүргэх болно.  

А.Баярмаа