Автотээврийн Үндэсний Төвийн захирал, НИТХ-ын төлөөлөгч, МУ-ын зөвлөх инженер Т.Болдбаатартай ярилцав.

 

-       Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулахаас яриагаа эхлүүлэх үү?

 

- Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 213 дугаар тогтоолоор тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил  эрхлэн явуулах чиг үүрэг бүхий “Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын алба” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан ба 2013 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж үйл ажиллагааг нь өргөжүүлсэн.

Одоо манай байгууллага улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр,  шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах, тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, улс, хот хооронд ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний байршлыг тогтоож, шуурхай зохицуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

 

-       Танайх автомашины бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг учраас би тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Жилд манай улс хичнээн тээврийн хэрэгсэл импортоор авдаг вэ?

 

-       Импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам, тээврийн яам хийж байгаа, жилд дунджаар 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэлд хамрагдаж байгаа судалгаа байдаг.

Манай үндэсний төвийн хувьд нийслэл болон орон нутагт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлж байна. Өнгөрсөн онд 100 гаруй мянган тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн  хийгдсэн байгаа.

 

Бүртгэлийг хоёр байгууллага хийж байгаа юм байна. Заавал хоёр байгууллага хийж байх шаардлага байгаа юм уу? Хууль, дүрэм, журмаараа тийм зохицуулалттай юу?

 

-       Үгүй л дээ. Заавал хоёр байгууллага хийх шаардлагагүй. Авто тээврийн газар импортын тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж зарим агентлагуудыг татан буулгахад Автотээврийн газар татан буугдаж үйл ажиллагаа нь Зам, тээврийн яаманд шилжсэн. Харин яам зарим үйл ажиллагааг нь манай үндэсний төвд шилжүүлсэн. Бүртгэлийн хувьд хуулиараа яамны харьяа байгууллага хийх ёстой.

 

-       Сүүлийн үед улсын дугаарыг өөрчилж хот, орон нутгийн харьяалалгүй болгож солих талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьж бичих боллоо. Улсын дугаарыг заавал солих шаардлага байгаа юм уу? Ач холбогдол нь юу юм бол.

 

-       Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар л даа. Давхардуулж олгохгүй байх ёстой. Бусад улс орнуудад ч ялгаагүй. Дугаарын бүтэц ихэвчлэн үсэг, тооноос бүрддэг. Манай улсад автомашинд олгож байгаа улсын дугаар 3 үсэг, 4 тооноос бүрдэж байгаа.

Одоо 80 гаруй сериас дугаар  олгогдож байгаа нь 800 мянга гаруй автомашиныг бүртгэж, улсын дугаар олгох боломжтой гэсэн үг, өнөөдөр манай улсад  500 гаруй мянган автомашин бүртгэлтэй   байгаа. Харин хот, орон нутгийн харьяалалгүй болгох хэрэгтэй.

Манай иргэд сүүлийн үед автомашин худалдах, худалдаж авах нь ихсэж байна. Автомашины  шилжилт хөдөлгөөн хот  хөдөөгийн хооронд их хийгдэж байна.

Энэ шилжилт хөдөлгөөнтэй уялдаж үргүй зардал их гарч байна.Тухайлбал,  2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр  дугаар  солигдож 600 орчим сая төгрөгийн үргүй зардал гарсан  байна.

Манай улсад ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяалал заадаг байсан боловч өнөөдөр ойлгомжгүй болоод байна. Жишээлбэл, Улаанбаатар хот УБ серийн дугаартай байсан бол одоо УН серийн дугаар олгож байна. Үүнээс гадна УБ болон УН серийн дугаартай автотээврийн хэрэгсэл орон нутагт өнгөрсөн оны судалгаагаар 50 мянга орчим, бусад аймгийн дугаартай автотээврийн хэрэгсэл 5000 орчим байна.

Эзэмшигчид нь Улаанбаатар хотын гэх дугаарыг орон нутгийн дугаараар солих сонирхолгүй байна. Тухайн автотээврийн хэрэгслийг хэн ч жолоодож болохоор зохицуулагдсан тул харьяаллын дагуу улсын дугаар солихгүй ашиглах боломжтой.

Эдгээр автотээврийн хэрэгсэл тухайн байгаа орон нутагт бүртгэлгүй. Орон нутгийн харьяаллаар татвар төлдөг тул бүртгэлгүй автотээврийн хэрэгслээс татвар авах боломжгүй байна.

Ер нь орон нутагт олон серийн дугаартай автотээврийн хэрэгсэл ашиглагдаж байгаагаас харахад улсын дугаараар харьяалал тогтоож бүртгэдэг үйл ажиллагаа ач холбогдлоо алдаад байна л даа.

Манай улсад мөрдөж байгаа журмаар автотээврийн хэрэгслийн арал, бүхээг, хөдөлгүүр, өнгийг засвар хийсний дараа өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээллүүдэд өөрчлөлт ордог.

Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа автотээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харьяаллаар байнга солигддог.

Иймд бүртгэл мэдээллийн бодитой сан үүсгэхийн тулд автотээврийн хэрэгслийг  бүртгэхдээ регистерийн дугаар олгох шаардлагатай байна.

Тийм регистерийн дугаар нь одоо мөрдөж байгаа стандартын дагуу олгож байгаа улсын дугаар байж болох юм.

Автотээврийн хэрэгслийн дугаар орон нутгийн харьяаллыг илэрхийлдэггүй  байвал түүнийг солих шаардлага гарахгүй, нэг тээврийн хэрэгсэл нэг дугаартай байж  болох боломж бүрдэх юм.

Улсын дугаарыг солихгүй байснаар автотээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан ч бодитой болох юм.

  Одоо мөрдөж байгаа стандартыг өөрчлөхгүйгээр автотээврийн хэрэгсэлд олгож байгаа улсын дугаарыг орон нутгийн харьяалал харгалзахгүй олгодог болгох, орон нутгийн харьяаллаар дугаарыг солихгүй байх, автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн оршин байгаа хаягаар бүртгэж байх саналтай байна даа.

 

Ингэж бүртгэлийн үйл ажиллагааг бага боловч боловсронгуй  болгоход ямар нэгэн нэмэгдэл хөрөнгө шаардахгүй ба одоо мөрдөж байгаа хуулинд өөрчлөлт оруулахгүй, харин үргүй зардал багасч үйлчилгээ хөнгөн шуурхай болох байх гэж бодож байна.

 

-       Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүрэг нь танай байгууллагад бий. Яг энэ үүргээ биелүүлж ажиллахад оношилгооны газрууд хэр хүрэлцээтэй байна вэ?

 

-       Манай  үндэсний төв Улаанбаатар хот болон 21 аймагт техникийн хяналтын үзлэгийг 25 суурин төв болон зөөврийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 24  автомашинаар явуулын хэлбэрээр жилийн турш хийж байна. 

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 428 мянга, үүнээс Улаанбаатар хотод 230 мянга, орон нутагт 198 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн.

Тус үндэсний төвийн Улаанбаатар хотын 9 шугам бүхий 4 техникийн хяналтын үзлэгийн төв жилийн турш буюу  355  хоног, өдөрт дунджаар 11 цаг ажиллаж 1000-1500, жилд 350-500 мянган  тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай.

 Өнгөрсөн онд нийслэлд 230 мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон ба жилд дунджаар 40 орчим мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа тул энэ  онд  270 мянган тээврийн хэрэгсэл  байгаа техникийн хяналтын үзлэгт хамрагдах тооцоо байгаа ба Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн хүчин чадлын 70 хүрэхгүй хувийг ашиглаж байна.

Одоо тус үндэсний төвд 2 шугам бүхий техникийн хяналтын үзлэгийн төв байгуулах тоног төхөөрөмж байгаа ба 2015 онд  техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар ажиллаж байна. Иймд 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр нэмж  ажиллуулах шаардлагагүй гэж үзэж байна.

 

-       Иргэд жил бүр тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулахын тулд удаан хугацаанд дараалал үүсгэн зогсдог. Энэ ачаалалыг бууруулах чиглэлээр танайх юу хийдэг вэ?

 

-       Манай үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэгт байгаа үзлэгийн төвийнхөө хүчин чадлыг 2 шугамаар нэмэгдүүлсэн.

Түүнчлэн байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах зорилго тавьж одоо нийслэлд ажиллаж байгаа техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг энэ оноос эхлэн 2 ээлжээр буюу ажлын өдрүүдэд 8-20, амралтын өдрүүдэд 9-19 цагийн хооронд  ажиллуулж  байна. Урт дараалал үүсч удаан хугацаагаар зогсохгүй болсон.

 

-       Долларын ханш өсснөөс шалтгаалж бүх бараа ажил үйлчилгээний үнэ нэмэгдэж байна. Оношлогооны төлбөр нэмэгдсэн үү?

  

-       Засгийн газрын тогтоолоор 2004 онд техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн хэмжээг тогтоосон. Манай байгууллага энэ үнийг 10 жил мөрдөн ажиллаж байна. Суудлын автомашин 10000, автобус ачааны автомашин 15000 төгрөг.

Ер нь техникийн хяналтын үйл ажиллагаа бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд төрөөс тавьж байгаа хяналт, ашгийн бус үйлчилгээ. Тийм учраас төлбөрийн хэмжээг нэмэх шаардлагагүй. Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

 

-       Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын зардал өндөр байгааг ТӨХ-ноос ч хэлээд байгаа. Та ер нь жилд хичнээн удаа гадаадад томилолтоор ажиллаж байна?

-       Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд гэхээр л төрийн мөнгөөр гадаадад байнга зугаалж байдаг гэсэн ойлголт иргэдэд байдаг юм шиг байгаан, одоо тэгж гадаадад зугаалдаг үе энэ засгийн үед цэгцэрсэн байх гэж харж байна. Миний хувьд өнгөрөгч 2013 онд төрийн зардлаар нэг ч удаа гадаад явсангүй, явах ажил байсан уу гэвэл байсан гэхдээ эндээ Монголдоо хийх ажил нь илүү их бас чухал байлаа.

-       Та Нийслэлийн иргэдийн хуралд Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлаас ойрын хугацаанд танай дүүрэгт хийгдэх томоохон ажлууд юу байна?

-       Миний хувьд СХД-ийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31-р хороонуудын 33 мянга гаран сонгогчдоос Нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон. Өнгөрөгч хугацаанд сонгогдсон тойрогтоо зориулан нийслэлийн төсөвд 2 тэрбум гаран төгрөг  суулган, оршин суугчдын байрнуудын дээврийн засвар, лифт засвар, хүүхдийн тогломын талбайн тохижилт, байрны дундах замын засвар зэрэг ажлууд хийгдэж эхэлж байна. Манай дүүргийн хувьд нийслэлээс том төслүүд хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна, мэдээж гэр хорооллын дахин төлөвлөлт жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлээд байна. Мөн манай дүүрэгт хотын хурал, хотын захиргаа тэр чигээрээ нүүж ирэхээр төлөвлөн бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх гэж байна. Бас Сонгинохайрхан уулынхаа бэлд “Авто худалдааны  цогцолбор” барьж байгуулахаар Нийслэлийн иргэдийн хурлаас төлөвлөөд байна. Хотын хөгжил , хотын төв манай дүүрэг рүү ирнэ гэдэгт би итгэлтэй байна.

 

Тодруулга өгсөнд баярлалаа.

 

А.Баярмаа