Ц.Туяагийн ялыг дээд шүүх хэвээр үлдээлээ
2014/03/16
Өнгөрсөн онд хардалтын улмаас хамт ажилладаг татварын байцаагч бүсгүйнхээ аминд хүрсэн Ц.Туяад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд өмнөх шатны шүүхээс тогтоосон ялыг хэвээр нь үлдээсэн билээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, Ц.Туяа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өнгөрсөн оны долдугаар сарын 01-ний орой Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгэн байрны орцонд иргэн Э-г өс хонзонгийн сэдэлтэйгээр 70 гаруй удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр санаатай хүний амийг хороосон гэмт хэргийг үйлдсэн юм.
Тэгвэл тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шүүхэд хандсан. Гэвч дээд шүүх түүний ялыг хэвээр үлдээлээ. Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12-т заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэмээн эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 22 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Х.Даваа