Орон нутгийн залуучуудын хөгжлийн төлөө хамтран ажиллана
2014/03/16
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат “Дэхийн Зөн” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч н. Эдвардс Винсенттэй өнгөрсөн долоо хоногт уулзаж хүүхэд залуучууд, нийгмийн хөгжлийн төлөө хамтран ямар үйл ажиллагаа явуулж, аян өрнүүлэн, хөтөлбөр хэрэгжүүлж болох талаар санал солилцсон байна.
Суурин төлөөлөгч н. Эдвардс хэлэхдээ “Танай орны гэр бүл төлөвлөлт, залуучуудын ажил эрхлэлт, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжин ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд бүгд нэгдэж ажиллах нь зүйтэй” юм. Тэгэхээр монголын залуучуудыг хамгийн өргөн цар хүрээтэйгээр нэгтгэж буй танай МЗХ-той бид бүхэн энэ тал дээр илүү түлхүү ажиллахыг хүсч байна. Мөн түүнчлэн орон нутгийн залуучуудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой” байгаагаа илэрхийлэв.
Харин МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат МЗХ-ноос 2014 онд хэрэгжүүлэх дотоод, гадаадын арга хэмжээнүүдийг танилцуулж, “Дэлхийн Зөн” ОУБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Орон нутгийн залуучуудад чиглэсэн үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцаж, МУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”-ээр дамжуулан “Дөрвөн бэрх-Сумын залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил илүү өргөн цар хүрээтэйгээр үргэлжлүүлэх юм. Залуучуудын ашиг сонирхол, дуу хоолойг төр засагт хүргэх зорилгоор УИХ дахь Залуучуудыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан бөгөөд МЗХ-оос залуучуудын эрх ашгийн төлөө санаачилсан төрөл бүрийн аян, төсөл, хөтөлбөр, санаачилгуудыг энэхүү лобби бүлгээрээ дамжуулан УИХ-д оруулан хэлэлцүүлж байна. Мөн “Шинэчлэлийн Засгийн газраас залуучуудын асуудлыг чухлаар авч үзэж байгаа бөгөөд тэдэнд чиглэсэн олон зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган, тэдгээрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Энэ сарын 17-19 өдрүүдэд “Дэлхийн Зөн” ОУБ-аас “Хөгжлийн төлөөх залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг “Чингис” зочид буудалд зохион байгуулна. Тус чуулганы үеэр МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат оролцож, залуучуудын өнөөгийн байдал, залуучуудад чиглэсэн МЗХ-ны арга хэмжээ, үйл ажиллагаануудын талаар “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” илтгэл тавих юм байна.