Даваа гариг бүрт болдог "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцлоо. Тэрбээр сэтгүүлчдэд энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм.

Э.Бат-Үүл "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг энэ онд эхлэнэ. Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эхлүүлнэ, нийслэлийн төсөвт 16,6 тэрбум төгрөг тусгажээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх бөгөөд эхний ээлжинд таван дүүргийн 12 байршилд нийт 970 га талбайд төлөвлөлт хийнэ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлнэ" хэмээн онцлов.

Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байна.

Мөн тэрбээр энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдаж, цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдүүлнэ гэсэн юм.

Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригдана, мөн  байгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэх аж. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийглэж байгаа, барилгын ажил 2016 онд эхлэх юм байна.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болох юм.

Орон сууцны зээлийн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр иргэдээс судалгаа авч эхэлжээ. Энэ нь цалингаас өөр нэмэлт орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр байна гэв.

Олны хэл ам дагуулж байгаа "Хогны уут"-ны талаар түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-Нийслэлийн айл өрхүүдэд тарааж байгаа хогны уутыг тараахаа больё. Үүнийхээ оронд мөнгөөр нь   цэцэрлэг, сургууль бариач гэсэн иргэдээс санал гаргаад байна?

-Хогны уут тараах ажлыг цаашид ч гэсэн үргэлжлүүлнэ. Иргэд гэрээсээ хогоо ил хаяж байгаа тохиолдолд хотын хогны асуудал шийдэгдэх ямар ч боломжгүй.

-Энэ уутны төсөв нь 4,5 тэрбум төгрөг болж, өмнөхөөс нэмэгдсэн гэсэн. Яагаад төсөв нь нэмэгдэв?

-Төсөв нь нэмэгдсэн. Хогны уут тараах өрхийн тоо нэмэгдсэн учраас ийнхүү төсөв нь нэмэгдсэн. 2013 оны аравдугаар сараас 2014 оны нэгдүгээр улирлын хугацаанд 317 мянга 131 өрхөд 33,3 сая ширхэг хогны уут үйлдвэрлэхэд 3,1 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд 335 мянган өрхөд тараагдах бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сараас он дуустал буюу есөн сарын хугацаанд тараах уутанд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 

Х.Даваа