"Мөрөөдлийн театр" МҮЭСТО-ны тайзнаа "Галзуу хот" шоу тоглолтоо толилуулж байгаа билээ. Уг шоу тоглолтыг үзсэн үзэгч Отгоо сэтгэгддээ ийн сийрүүлжээ.

Үзэгч бүхэнтэй миний бодол нийцэхгүй байх. Угаас нийтээрээ нэг өнцгөөс харж, нэг ойлголтонд нэгдэн нийцэмгүй, октагон шиг олон талт бүтээлийг "Мөрөөдлийн театр"-таа тэд нээчихэж! Галзуурсан залуусын зориг нь гайхмаар бас аймаар! Кино найруулагчаараа, жүжиг зохиолчоороо овоглогддог. Иймд хэний зохиол бол? гэдгээс эхлээд өнгө төрх, баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийн арга ажиллагаа гээд үндсэн "мөлжүүр"-ийг нь орхьё.

Үзэгчдэд энэ тийм ч чухал байдаггүй нь харамсалтай. Өнгөцхөн наагуур нь ярья. Хонх цохиж хөшиг нээхээс л миний мэдэх Мөрөөдлийн театр анх байгуулагдсанаасаа хойш хувьсаж хувирч чадаж уу?, одоо энэ хошин урлагийн олон продакшнуудаас яг юугаараа ялгарах юм?! гэсэн хүлээлт бас чиг басамжлал байсныг нуухгүй. Учир нь хэдхэн ах нарын хорь гаруй жил тариалсан талбайд өнөөх л "Нэр муутай, нөлөө ихтэй хошин шог"-ийг тоглох хэцүү. Гэж бодож эхлүүллээ. Сайхан хүүхнүүдийн секси бүжиг... Анх "Аim4r dance"-ийн бүжгийн зааланд хальтхан харж байсан дэглэлт мөн шиг... Ингэж л эхлүүлдэг дээ, өөр ч яахав гэж бодож суутал ЮУ БОЛОВ ОО?! ЯМАР ГЭЭЧИЙН ХҮНД СЭДЭВ БЭ?! ГАЛЗУУ ХОТ нэгдүгээр хэсэг нь гэнэ.

Нийгмийн "нөлөөгүй толь", реалист шүүмжлэл. Өнөөдрийн бидний сошиалаас харж сонсож, хачин ихээр гайхахаа больж, дөжирч дүлийрч байсан акциудыг нэг үйл явдалд зангидаад тавьчихаж. Ингээд харсан чинь худалдагдсан, хуйвалдсан хуулийн дор занхайсан задгайрсан баячууд, залилсан завхайрсан хүүхнүүдтэйгээ, ичмээр эрээ цээргүй нийгэм үүсгэж. Ард нь алуурчинд дурлаж алаг үрээ тэвэрсэн залуу эх хохирч хоцорлоо. Гэхдээ тэр бүр "бумбагархан үрээ" л хань хийсээр галзуурч үлдэх юм. Санаа амарч суудлаа заслаа...

ГАЛЗУУ ХОТОД ГАЛЗУУРААГҮЙ БОЛ ТЭР БҮСГҮЙ ХЭДИЙ ХҮРТЭЛ, ХИЧНЭЭН ЗОВЛОНГ ГАТЛАХ БАЙСАН БЭ?! ГАЛЗУУ_ХОТ Хоёрдугаар хэсэг нь эхлэв.

Өмнөх хэсэгт өөрсдийн нийгмээ жигштэл харсан үзэгчдийг хоёрдугаар хэсэгт амраана, алжаалыг нь тайлна. Элгийг нь хөштөл инээлгэж, эрээн бараантай амьдралынх нь бухимдал бүхнийг улгүй хөөнө. Гэхдээ энэ хэсэг ч энгийн цагаан инээд үү? гэвэл тиймгүй юм. Мөнөөх "Галзуу хот"-д гадуурхагдаж, орхигдож, хэнээс ч тус хүсэх хэрэггүй өөрсөддөө л найдаж, нэгнийхээ дутууг гүйцээж дундуурыг дүүргэсэн, гурван эрийн тэмцэл юм уу? гэлтэй. Үнэндээ өнөөх нэгдүгээр хэсгийн аймшигт нийгмээс ч эмзэг энэ хэсгийг бид нулимсаа гартал хөхрөлдөн үзлээ. Зөвхөн төгсгөлийн зөвтгөл нь ирж байж л үзэгчид "Ийм эмгэнэлт амьдралыг хараад бид амаа урагдтал инээх юм уу?!" гэсэн бодол зурсхийж, хэсэг зуур өмөлзөнө. Аз жаргал мэдрүүлсэн ахиад өргөсөн тайлал. Алга ташилт. ГАЛЗУУ ХОТЫН ГАНЦ ЭМЧИЛГЭЭ НЬ ИТГЭЛ ХҮНДЛЭЛ, ЭВ НЭГДЭЛ, ИНЭЭД ХӨӨР, ХАЛАМЖ ХАЙР БОЛОЛТОЙ!

Энэ тоглолтоос миний мэдэх "Мөрөөдлийн театр" хувьсаж хувираагүй юм байна гэж бодлоо. Харин ахиж хөгжиж, арга барилаа олж. Хэн нэгний хагалж борнойдсон талбайд өгсөн үрсэлгээг нь тариалсангүй. Өөрсдийн өнгө төрх, төрөл жанраа тунхаглаж, түүнийгээ үзэгчдэд таниулан тамгалж байна.

МИНИЙ МЭДЭХ "МӨРӨӨДЛИЙН_ТЕАТР" ШОУ ДРАМ ГЭХ ШИНЭЛЭГ ЖАНРААР ТОГЛОДОГ, ГАНЦ ХАМТЛАГ! гэдгийг ГАЛЗУУ ХОТ-ООС ХАРЛАА!  хамт үзсэн хэдэн зуун үзэгчид хотын түгжрэлд хүч нэмэхээр чихэлдэн түлхэлцэн гарч байгааг хараад ГАЛЗУУРАХ НЬ!!!