НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЛОСОЛЫН ХАЙРЫГ ТАТАЖ ЯВСАН ЖАМЪЯН ГҮНИЙ ЧИМЭД

1920-иод оны үед Зүүн хүрээний мөргөлийн замын урд талын гудамжинд Ардын засгийн Гэгээрлийн яамны анхны сайд Онхотын Жамъян гүн суудаг байж. Энэхүү гудамж нь бас түүхтэй. 1919 оны 11-р сарын 16-нд Улсын дээд, доод хоёр хурал Сюй Шу Чжаны харгис тулгалтаар Монголын тусгаар байдлыг устгасан бөгөөд энэ өдөр Лосол, Жигмэддорж, Данзан, Догсом нарын хэсэг эх орончид Онхотын Жамъянгийнд цуглан хуралдаад “Шашин үндсээ хамгаалах хэрэгт амь бие, эд хөрөнгөө хайрлахгүйгээр тэмцэнэ” гэдгээ санал болгож, тэр шөнөдөө Богд хаанд бараалхаж байсан түүхтэй.

Дээрхи саналыг дэвшүүлж очсон С.Данзан, Д.Догсом нарыг Богд хаан талархан дэмжиж, боов, чихрээр шагнаад гаргаж байсан гэдэг. Учир нь тухайн цагт хаан эзнийхээ гараас чихэр, боов авна гэдэг нь тэнгэрийн хишиг хүртсэнтэй ижил утгатай зүйл байж. Манай хувьсгалчдаас Жамъян гүнтэй хамгийн дотно харилцаатай, багш шавийн барилдлагатай байсан нь Лосол ажээ.

Тухайн үед Жамъян гүнгийнх Чимэд хэмээх сайхан охинтой, түүнд нь Лосол ухаан алдталаа дурласнаар төдөлгүй Онхотын Жамъяангийн хүргэн болж хувирсан байна. Гэвч цуутай хүүхэн хуримгүй гэгчээр хүрээний ноёд баяд сайхан хүүхэн Чимэдэд сэтгэл алдарч эхэлжээ. Төдөлгүй Илдэн ван Доржпаламын хүү Пунцагцэрэнжалчуу гэгч Богдын зарлигаар Чимэдийг Лосолын өврөөс булаагаад авчихаж. Үүнээс болж Лосол дээдэст талгүй болж, энэ нь хувьсгалын үйл хэрэгт буруугаар нөлөөлсөн тухай зарим түүхч бичсэн нь бий.

Б.Ойдов

Өмнөх цуврал:

Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар

Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд

Цэвээн тэргүүний ганган охин Цэрмаа

Хэмжээлшгүй хөрөнгийн эзэн Хэенхуар

Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран

Хайтангийн хашаанд хадагдсан далай вангийн Мөнхтөмөр

Богдын ногоон ордны “цэмцгэр” Ханд