Өөжгийгийн гитартай танилцсан түүх-4: Чи аятайхан байвал дэлгүүр явж талх авахаа болино гэв
2019/09/13
Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн "Гитартай танилцсан түүх"-ийг цувралаар хүргэж байгаа билээ.
Гоё гитар
1989 онд Соёмбо хамтлагт орсноос хойш 1 жил шахуу боллоо.
Юу ч хийсэнгүй зүгээр шахуу л байгаад байлаа.
Хааяа нэг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд цан ман барихаас өөр ажил хийсэнгүй.
Харин гитарын техникээ овоо сайжрууллаа.
Вовка хааяа ажил дээр ирж хамт жаал гитар тоглоно.
Сүүлдээ залхаад ажлаасаа халагдав.
Халагдах гэж бас л бөөн юм боллоо.
Тухайн үед армиас халагдах гэж бөөн юм болдог байлаа.
Хаашаа орсон гээч.
Улсын филармоны Баян Монгол чуулга.
Тэр үед Баян Монгол чуулгын гитарч нь Ганбат МУГЖ ах байлаа.
Би 2-р гитарчин.
Чуулга маань баахан жаз зохиолууд тоглоно.
Жазын аккорд нот нь энгийн поп хөгжмийг бодвол их гэцүү.
Би дээр нь нот мэдкүү.
Ганбат ахын гарыг хараад л дуурайгаад авч өгнө дөө.
Нямдорж удирдаач Ганбатаа наад хүүхэд чинь гайгүй юу гэж асууна.
Ах гайгүй л гэнэ
Тэгсгээд байж байтал нэг орой гэрт утас дуугарч Хоовон Энхбаяр ах гэнэт ярьж
Сайн уу. Дүү гоё гитараар тоглох уу л гэж байна.
Би:Ямар гитар?
Хоовон ах: Удахгүй Буян Жагаа Германаас шинэ аймаар гитар авчирна.
Би. Ойлголоо. Тэгье.
Хоовон ах: Маргааш Хөх тэнгэр дээр хүрээд ир.
Гоё гитар гэдэг үг тэр үед миний амьдралын утга учир байлаа.
Өөрөөр хэлбэл муу гитартай хүн гоё гитартай хүнтэй тэмцэлдэнэ гэдэг нь Уаз 469-р Ферраритай уралдаж байгаагаас нээх ялгаа байхгүйэ.
Солонго, Соёмбод бол Ардчилсан Германы Мусима гэж тун чиг тааруухан гитараар, Баян Монголд 1978 оны Greco гэж хуучин гитараар тоглож байсым.
Ядаж байхад утас нь олдохгүй.
Холбооны кабел утасыг хөвж зарим утсаа орлуулах үе ч гардаг.
Хэрвээ хүн өдөрт 6-8 цаг гитар тоглодог бол утсаа 7 хоногт 1 сольж бай гэсэн заавар байдаг. Яг тэгж утас олдохов дээ.
Дутуу гачуугын зовлон их үе байсан юм.
Маргааш нь очиж Хөх тэнгэрийнхэнд очиж шалгуулаад шууд орохоор боллоо.
Цалинтай улсын байгууллагын хөгжимчнөөс цалингүй ЧУБ-н эгнээнд шилжлээ.
Гэхдээ тэр хамаагүй.
Надад гоё гитар байхад л болоо тэ?
Бачка, Титэм, Номин ба Чингис Жагаа ах
1990 оны намар Титэм хамтлаг ид мандаж байсан үе.
Равжаа агсан (Номин хамтлагийг үүсгэн байгуулагч. Хожим Номин Талст хамтлаг энэ хамтлагаас эхтэй. Сүүлчийн удаа зэрэг олон дууны зохиогч.) нэг өдөр над руу яриад Хөгшин нь Соёл-Эрдэнэ дээр хэдэн дуу бичүүлж байна.
Чи ирээд гитарыг нь тоглоод өгөөч гэхээр нь яваад очлоо.
Соёл-Эрдэнийн өрөөнд бичлэг хийцгээж байна.
Титэм, Бачка, Номин хамтлагууд нийлж том тоглолт хийх гэж байгаа бололтой.
Соёл-Эрдэний Даймий ах, Цоомоо ах, Батболд ах болон Вовка(Тэр үед Хонх хамтлагт тоглоод эхэлцэн байсан), Горий Ганбаа нар хөгжмийг нь тоглож байв.
Эхний бичлэг Номин хамтлагийн хэдэн дуун дээр шууд имрпровизаци тоглоод хусаж өглөө.
Дараа нь Бачкагийн бичлэг хийх ээлж болов.
2 гитарчин байгаад байдаг.
Даймий ах энэ хоёрын хэнээр нь гитараа тоглуулахав гэж Бачкагаас асуув.
Мань хүн жаахан бодож байснаа над руу заав.
Бид 2 биенээ танихчгүй.
Ингээд Бачкагийн Янаг цэцэг, Сартай шөнийн дуу, Том ярьсан хүүхэд, Хөх чоно зэрэг дуун дээр анх тоглосон юм даа би.
Дараа нь Титэмийн гитарын гоцлолуудыг мөн тоглов.
Уг нь манай Бука (Титэм, Хөх тэнгэр, Никитонд тус тус тоглож байсан) Титэм хамтлагийн гитарыг тоглодог байсан боловч тэр үед өвчний учир эмнэлэгт байж таараад би орлов.
Ингэж Бачка болон Титэм хамтлагийнхантай нөхөрлөсөн олон жилийн нөхөрлөл эхэлждээ.
Харин тэр бичлэгний үеэр МУГЖ Чингис Жагаа ах орж нилээд харж сууж байгаад намайг дуудаж уулзав.
Дүү хаана тоглодог билээ л гэж байна.
Соёмбод тоглодог тэгэхдээ одоо тэндээс гарч байгаа л гэлээ.
Ах: За тэгвэл би чамд нэг даалгавар өгье. Чи хаашаа ч юунд ч орж болохгүй хэд хоног намайг хүлээж байгаарай гэж байна.
Би сайн учрыг нь олсонгүй За л гэлээ.
Хэд хоногын дараа Баян Монголд гитарчнаар ороод байж байсан Соёл-Эрдэнэ гадагшаа тоглолтоо явчиад ирэв.
Филармоны жорлонд Жагаа ахтай таарав.
Чи энд юу хийж яваан гэжийнэ.
Би Баян Монголд орцон ахаа гэлээ.
Ахын царай хувьс хийж шууд намайг цохихоор гар далайв.
Би гайхан далтьчив.
Ах: Тэнэг юм уу чи.
Би чамайг Соёл Эрдэнэд авах гээд байхад чи Баян Монголд ороод байхдаа яадгийм бэ?
Тархин дундуур татаад авах шиг л болов.
Соёл-Эрдэнэ бол Монголын домог хамтлаг. Дээр нь тэр үед 18 нас, 6.45, Тэмээн жингийн цуваа гээд супер хитүүд нь ид пижигнэж байсан үе.
Тэгэхдээ Соёл Эрдэнэд дараа нь хэсэг тоглосон тоглосон.
Хөх тэнгэр
Буян компанийн дэргэдэх Хөх тэнгэр хамтлагт Элькондор Цогоо бид хоёр нэг өдөр оров.
10 хоногийн дараа Бачка бас орж ирлээ.
Тухайн үед Хөх тэнгэр хамгийн сайн хөгжим аппаратур, техник хэрэгсэлтэй хамтлаг байлаа.
Хөөрхий муу Буян Жагаа ах л зах зээл дөнгөж эхэлж байхад хамаг мөнгөөрөө баахан үнэтэй хөгжим Германаас авчирсан хэрэг.
Ажилд орсон өдөр босс гадагшаа явсан тул байсангүй.
Тэгээд хэд хонож байтал Жагаа ахыг ирэхэд нь баривчлах гэж байна.
Цөмөөрөө очиж тосоё гээд бүгд нисэх явав.
Хөх тэнгэрийн 10-аад, Буян компаний 7-8 хүн нийлээд нисэх рүү очлоо.
Онгоц ч буулаа.
Нисэхийн зурвас дээр нэг хар Волга-24 очиж онгоцонд тулж зогсоод Жагаа ахыг буунгуут нь 2 хүн очиж сугадаад шууд машиндаа чихээд аваад явахыг бүгд харав.
Бид эрчүүд нь нисэхийн машин гардаг хаалга руу гүйлдлээ.
Яагаав нөгөө Өнөр бүл кинон дээр Цэрмаа нисэхэд Гармааг оруулдаггүй хаалга руу
Тэгээд Хоовон ах, Цогоо, компаний нэг залуу гурвуулаа нөгөө Волганы замыг хааж зогсов.
Гэтэл хаанаас гарч ирсэн мэдэгдэхгүй Газ-66 ирж дотроос нь тэр үед дөнгөж байгуулагдаж байсан тусгайгынхан бууж ирээд мань 3-г жинхэнэ болгож тавилаа.
Зүгээр л мафитай кино кино
Тэднүүс хэмх бороохойдчиод Хоовон ахыг дөрвөн мөчнөөс дамжлаад явж байтал цаанаас 1 Уаз-69 ирж дотроос нь нэг нөхөр наадхаа хая гэж зандрав.
Муу Хоовон ахыг минь дамжилж явсан чигтээ шууд газар пид хийтэл шидчээд нөгөө хүмүүс явчихлаа.
Ингээд ажилд орсон компаний захирал хоригдож, хамтлагийн ирээдүй асар бүрхэг боло воо.
20-иод хоноод захирал маань мөрдөнгөөс гарлаа.
Сүртэй ч юм болоогүй л юм байналээ.
Аахар шаахар дамын наймаа гэлүү контрбанд ч гэлүү ялихгүй юм байсан гэсээн.
Ингээд захиралтайгаа уулзлаа.
Нилээн ширүүн ах хүү байна
Чи аятайхан байвал дэлгүүр явж талх авахаа болино.
Чи Mercedes унадаг болно л гэнэ.
Чи од болно л гэнэ.
Хошгироод л явчихлаа би нь
Холбоотой мэдээ:
Өөжгийгийн гитартай танилцсан түүх-1