Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.  Энэ үеэр сайд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн, ахиц дэвшил гаргасан ажлуудынхаа талаар товч танилцуулсан. Ахмадууд бидний үед хийж чадаагүй шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл мэндийн яам хийж байна хэмээгээд салбарын шинэчлэлд ахмадууд өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлж байлаа. Иргэдийн эрүүл мэндийг ганцхан салбарын яам хамаарах нь учир дутагдалтай бөгөөд бүх салбарын хамтын ажиллагаанаас шалтгаалдаг гэдгийг ахмадууд хэлж, ирэх оны төсөв хэлэлцэх гэж буй энэ цаг мөчид бусад яам, Засгийн газар, УИХ-д сануулж ажиллахыг захив. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын сайныг биш саарыг түүж, сөргөөр мэдээлж байгаад сэтгэл эмзэглэж байдгаа ч ахмадууд хэлж байсан юм.  

alt

alt 

 Сайд ахмадуудын хэлсэн үг, санаа бодлыг анхаарч үзнэ гэдгээ уламжлаад Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс хийж гүйцэтгэсэн олон сайхан ажил байгаа. Энэ жилээс эхлээд ахмадуудынхаа эрүүл мэндэд илүү анхаарч, жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласнаа дурьдав. Мөн энэхүү сарын аяны төгсгөлд буюу 10 дугаар сарын 30-ны өдрийг “Эцэг эхдээ талархах өдөр” болгохоор төлөвлөснөө ч дуулгалаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, “Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн байгууллага бүрийг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхдээ бодитой ажлаар угтан авч, ахмадуудын эрүүл мэндэд зориулсан хөтөлбөр гаргахыг үүрэг болгосон. Бид илүү зүйлээр тусалж чадахгүй боловч жилд нэг удаа эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байсан ахмадууддаа эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх боломж нь бий. Тиймээс өнөөдөр улс эх орондоо ихийг хийж бүтээгээд гавьяаны амралтандаа гарсан та бүхэндээ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхийн бичгийг  зэхлээ” хэмээгээд гарын бэлгээ гардууллаа.  

alt 

alt