Авдрантын “ногоон” О.Мөнхбат гэж хэн бэ?

 

Эрүүгийн элементүүд толгойгоо өндийлгөж, Хя­тадын гэмт хэрэгтэнтэй сүлбэлдэн хүний хувийн өмчийг, бүтээж босгосон бүхнийг нь хэрхэн дээрэмдэх гэж улайрч байгаа талаар өгүүлсэн “Авдрантын хоригдол, алуурчин хятад хоёрын шантааж” нийтлэл өнгөрсөн даваа гаригт уншигчдад хүрсэн билээ.
Товчхондоо бол Авд­рантад хоригдож бай­сан “ногоон” хочит Од­сүрэнгийн Мөнхбат, Хя­­тадад зургаан хүний амь настай холбоотой хэрэгтэн Лам Пинг нар Монголын топ компаниудын нэг “Болд төмөр ерөө гол”-ын захирал Б.Дэлгэрсайханыг шоронд суулгаж, компанийг нь хэрхэн дээрэмдэх гэж оролдсон талаар уг нийтлэлд өгүүлсэн. Хятадтай нийлж Монголоо барьж идэх гэж оролдож буй “ногоон” Мөнхбат Канадад байгаа гэнэ.
Тэрбээр нэгэн цагт өөрийнхөө нэрийн өмнөөс Б.Дэлгэрсайханаас мөнгө нэ­хүүлж шантааж хийлгэх гэж оролдож байсан сэтгүүлч залуу руу утасдаж, “Миний тухай хэвлэлээр гараад байгаа юмыг чи бичүүлж байна” хэ­мээн дарамталсан сурагтай. “Ногоон” Мөнхбат үнэхээр Канадад байх магадлалтай гэдгийг түүний ойрын эх сурвалж баталж байна. Учир нь О.Мөнхбат Канад улсад оршин суух хөрөнгө оруулалтын карт гэдэг юмыг авсан гэдгээ хэлж байсан аж. Гэтэл ийм картыг тус улсад дор хаяж 300 мянган долларын хөрөнгө оруулсан хүн авах эрхтэй болдог гэдгийг учир мэдэх улс тайлбарлаж байна. Арав гаруй жил шоронд сууж зургаахан жилийн өмнө суллагдсан О.Мөнхбат тийм хэмжээний хөрөнгийг гадаад улс руу хөрөнгө оруулалт болгоод гаргах ямар бизнесийг аль салбарт яаж хийв гэдэг яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

“Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайханы охинтой хамтарч байгуулсан “Эрдү” компани гэхэд л троллейбустай холбоотой бүхий л тендерийг өрсөлдөгчгүй авч, Жаргалсайханы Монголд угсарч байсан троллейбус, доубусны боолт, эрэг, хавтан хуванцар, шил түүнтэй холбогдох иж бүрдэл, цахилгаан өрөм, данхраат, явах эд анги, хөдөлгүүр, урд хойд тэнхлэг, дугуй, бүхээг, хаалга, цилиндр, автобусны сандал, шасси гээд хэрэгтэй бүгдийг нийлүүлжээ. Троллейбус босгоход хэрэгтэй бүгдийг “Эрдү” буюу О.Мөнхбатын компани нийлүүлж байсан гэсэн үг. Түүнээс гадна нийтийн тээврийн салбарт есөн ширхэг доубус угс­рах ажлын 1.5 тэр­бум төг­рөгийн төсөвт өртөг бүхий гэрээ, ЗТБХБЯ-тай дахин 12 доубус угсрах ажлын төсөвт өртөг нь 1.9 тэрбум төгрөг бүхий гэрээг “Цахилгаан тээвэр” хийж байсан. Тэр бүгдийг нь “Эрдү” гүйцэтгэж байсан гэхээр хэр том хөдөлж байсан нь ойлгомжтой биз. Дээрээс нь бас болоогүй “Эрдү”-д “Их наран-Таван шар-МУИС” гэсэн чиглэлийг найр тавьсан байдаг. Тэгэхээр О.Мөнхбатын “Эрдү” тус компанийн бүхий л тендерийг өрсөлдөгчгүйгээр аваад зогсохгүй бас хамгийн олон зорчигчтой чиглэлийг өөрийн болгож зорчигч бүрийн халааснаас мөнгө хурааж байж. Нийслэлийн Аудитын газраас хийсэн дүгнэлтээр бол, Жаргалсайхан захирал төрийн өмчийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад дур мэдэн ашиглуулснаар тус компанид орох ёстой байсан 1.5 тэрбум төгрөгийг алдсан гэсэн. Энэ нь ч “Эрдү” компанитай нь холбоотой. Ингэж дангаараа монопольдож байсан О.Мөнхбатын “Эрдү”-гийн татварын тайланг томруулдаг шилээр тодруулж хараад ч татвар төлсөн гэх баримт олохгүй. “Эрдү” 2013 онд 40-өөд саяын орлого олж, 30-аад сая төгрөгийн алдагдалтай ажилласан гээд ямар ч татвар төлөөгүй байна. Ямар нь тендерийг бол хүүлж байгаа мөртлөө татвар гэхээр тэг байдаг, ямар нь болохоор дахин дахин шалгуулаад хосоо шувтруулж байдаг вэ гэдгийг татварынхнаас дахиад асуух хэрэг гарч байна.
Бас авсан ажлаа ч гүйцэд хийлгүй, “Цахилгаан тээвэр”-ийг алдагдалд оруулж байсан. Тэгсэн хэрнээ О.Мөнхбат гэгч Канадад хөрөнгө оруулж, тус улсад орогнох эрх олоод авчихсан байдаг. Энэ бүх баримт юу хэлээд байгааг уншигчид тунгаана буй за. Энэ бол Монголд бизнесийн орчин гэдэг ямар болчихоод байгааг харуулах баримт. Манай хойд хөрш Оросын эдийн засгийн уналтыг олон улсын шинжээчид юу гэж дүгнэж байгаа талаар өнгөрсөн ням гаригт “Ийгл” телевизээр ярьж байсныг олон хүн үзсэн байж таарна. “Орост бизнес хийх орчин байхгүй болсон. Эрүүгийн элементүүд хуулийнхантай нийлж бизнесмэнүүдийг дарамталж бизнесийг нь булааж авдаг тогтолцоо бий болсны горыг одоо амсч байна” хэмээн ярьж байна билээ. Чухамхүү Орост нүүрлэчихээд байгаа тэрхүү эрүүгийн элементүүд хуулийнхантай нийлж бизнесмэнүүдийг дарамталж, бүтээж босгосныг нь булаадаг тогтолцоо манайд бий болчихоод байгаагийн тод жишээ нь ардаа эрх мэдэл бүхий томоохон “гал хамгаалагч”-тай экс хоригдол О.Мөнхбатын үйлдэл мөнөөсөө мөн.
Хулгайн давтан хэрэгтэй шоронгийн хаалга татахдаа жолооч, автын засварчин мэргэжилтэй гэж байсан энэ эр нарсанд байхдаа ч хэд хэдэн улстай хамтраад компани байгуулчихсан бололтой зүйлийг өөрөө ярьдаг юм билээ. Шоронгоос гарч ирснээс хойш ч компани байгуулах ажлаа эрчтэй явуулж өнгөрсөн зургаан жилийн хооронд долоо найман компани байгуулчихсан байдаг. “Монголд байгаа гадаадын иргэдэд туслах төв”, “Азийн ган төмөрийн продакт”, “Некстл”, “Эрдү” гээд компаниудынх нь нэр ус ч хөвөрч өгнө. Үйл ажиллагаа нь тодорхой биш, улсад татвар төлдөггүй олон компанийнх нь зарим нь гадаадын иргэдэд туслах нэрээр лиценз, тусгай зөвшөөрөл, хууль бусаар тендер авахад л зориулж байгуулагдсан. Үүнийг татварын байгууллагуудад хүргүүлсэн 2014 оны санхүүгийн тайлан балансуудаас нь санхүүгийн мэдлэг муутай хүн ч хялбархан ойлгочихно. Гэтэл тэдгээрийнх нь нэг “Эрдү” л гэхэд “Цахилгаан тээвэр” компанийн зарлагдсан хэдэн тэрбумын өртөгтэй бүх тендерийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авч, их хэмжээний ашиг олсон байх жишээтэй. Үүнийх нь шанд өдгөө “Цахилгаан тээвэр” компанийн захирал асан Жаргалсайхан АТГ-т шалгуулж байгаа. Гэтэл ашиг олж хөлжсөн хөрөнгө оруулагч нэртэй О.Мөнхбат нь сул чөлөөтэйгөөр барахгүй гадаад улс оронд гахай шувууны мах зооглосон шигээ амьдарч байна. Жаргалсайхан ч олзонд дуртай зангаар илт ашиг сонирхлын зөрчилтэй “Эрдү” компанид ийм их хэмжээний тендер олгож төрийн мөнгө завшуулсныхаа хариуцлагыг хүлээхээс аргагүй. Энэ компанийн 49 хувь Жаргалсайханы охин Содбилэгийн нэр дээр байдаг төдийгүй захирал, нягтлангийн ажлыг хамтад нь хийдэг гэхээр тэр мэдэхгүйдээ хийсэн үйлдэл биш нь ойлгомжтой. Тэгээд ч “Цахилгаан тээвэр” компани нь олон зуун сая төгрөгийг тендерийн урьдчилгаа нэрээр “Эрдү”-д цутгаж, нууц ноёнтон О.Мөнхбатад хууль бусаар олгож байсан нь холбогдох байгууллагуудын шалгалтаар нэгэнт тодорхой болсон.
О.Мөнхбат үүгээр ч зогссонгүй, шоронд “бууны нохой” хийж байсан туршлагадаа тулгуурлан бусдын талаар мэдээлэл цуглуулж, түүнийгээ шоронгийн төлөөлөгчдөд мэдээлдэг амь зуух мэхээ наранд хэрэгжүүлэн “Болд төмөр Ерөө гол” компанид 2004-2005 онд орчуулагчаар ажиллаж байсан Э.Бямбасүрэн гэгчтэй нийлж захирал Б.Дэлгэрсайханых нь талаар баахан худал хуурмаг материал цуглуулж, түүнээс их хэмжээний мөнгө нэхэх ажилдаа шамдан оржээ. 2004 онд Б.Дэлгэрсайхантай хамтран компани байгуулж байгаад 2005 онд уг компаниас өөрийн эзэмшиж байсан хувьцаагаа нутаг нэгтэндээ зараад сураггүй алга болсон Лам Пинг гэгчтэй Э.Бямбасүрэнгээр дамжуулан уулзаж, их мөнгө амлан итгэмжлэл гаргуулаад түүнийгээ хууль зөрчин баталгаажуулж ирээд хуулийнхныг хэрхэн “хулхидсан талаар бид өмнөх цувралдаа дэлгэрэнгүй бичсэн. Мөн Лам Пинг гэгч хятад нь нутаг нэгтнээ нүүрсний орд газраа зарахаас татгалзлаа хэмээн өширхөж амь насыг нь зэрлэгээр хөнөөлгөсөн тухай ч бичсэн. Өвөр Монголын Бугатад тэрбумтан Жөү овогтын амийг бүлэглэн санаатайгаар хөнөөсөн хэргийн захиалагч нь Лам Пинг гэдгийг Хятадын шүүх хэдийнэ тогтоосон ч тэрбээр хамаг хөрөнгөө зараад оргож зугтан Италид орогносон. Гэтэл “ногоон” Мөнхбат гэж сайн эр насаараа нутагтаа ирж чадахгүй болсон гэмт хэрэгтнээс хуурамч итгэмжлэл авчирч түүнийгээ ашиглан төрийн байгууллагад хадгалагдаж байдаг “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн талаарх материалуудыг хуулбарлан авахдаа заримыг нь сольж холин тэдгээр материалаа тус компанийн зарим ажилтанд үзүүлэхдээ, “Танай захирлын талаар маш ноцтой баримт байна. Би Тагнуулын Ерөнхий газарт ажилладаг” хэмээн төрийн нэр барин өөрийгөө танилцуулахдаа захиралдаа энэ тухай хэл, тохирч болох юм хэмээн рекэтлэж эхэлсэн байдаг. Үүнийгээ тэрбээр “цагаан санал” хэмээн тодорхойлдог гэж байгаа. Мань рецидив шоронд “бууны нохой” байсныгаа наранд “тагнуулч” гээд ойлгочихсондоо Б.Дэлгэрсайханд удаа дараа ноцтой баримт гэгчийн талаар дамжуулж, өнөөх “цагаан санал”-аа тавьж мөнгө нэхэхэд цаадах нь өгөхгүй гэсэнд л хамаг учир байгаа юм билээ.
“Ногоон” Мөнхбат зохиосон үлгэртээ хэт итгэн, өөрийгөө 2007 онд Австрали, Энэтхэг, Шинэ Зеланд гэсэн гурван улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “Азийн ган төмрийн продакт”-ыг байгуулж, Монгол Улсад тэр дундаа өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төмрийн үйлдвэр байгуулах ажилдаа шамдан орох гэтэл төмрийн ордгүй учраас гацсан аж. Тэгээд төмрийн ордтой “Болд төмөр Ерөө гол” компанийг судлаад өмнөх хувьцаа эзэмшигч байсан гэмт хэрэгтний нэрийг барьж, Б.Дэлгэрсайханыг луйвардсан гэдгийг тогтоосон мэтээр хуурамч бичиг баримт цуглуулсан байна.
Ингээд дүрдээ орсон “тагнуулч” маань манай Австралийн хөрөнгө оруулагч “Дэлгэрсайханыг Хятадад их хэмжээний мөнгө зээлүүлсэн, судлаад үзсэн чинь хятад хөрөнгө оруулагчаа залилжээ” гэж өөртөө итгэл үнэмшил төрүүлж, их хэмжээний мөнгө авна гэдгээ орчуулагч Э.Бямбасүрэн, БНХАУ-ын иргэн Ка Чи То, орчуулагч Баяраа нарт ярьж, үлгэртээ хэт итгэн, Б.Дэлгэрсайханаас олон сая доллар шантаажилж өгөхгүй гэхээр нь “гал хамгаалагч” болсон эрх мэдэлтнүүддээ дулдуйдан хуулиар далайлган түүнийг шоронд хориулжээ. Хуулийнхны шалгалтаар бүтэлгүй ажлынх нь зэс цухуйгаад ирэхээр тэд Б.Дэлгэрсайхан болон түүний өмгөөлөгч рүү удаа дараа ярьж, бид нэхэмжлэлээ татъя, тэдэн сая доллар өгчих гэж өнөөх л “цагаан санал”-аа тавьж эхэлсэн байна. Гэвч хариуд нь Б.Дэлгэрсайханаас хатуу үг сонсчээ. Ингээд “ногоон” Мөнхбат их хэмжээний мөнгө зарж, олон хүнд их мөнгө амлаж бий болгосон хуурамч материалууд нь юу ч үгүй цаас болсонд шаралхаж, уг баримтаа хэвлэл мэдээлллийнхэнд их мөнгө амлан элдэв зүйл бичүүлж эхэлсэн ч эцэстээ мөн л бүтэлгүйтэх замдаа орсон. Ийн Авдрантын шоронд 12 жил суусан “ногоон” О.Мөнхбат Лам Пингийн итгэмжлэгч нэрээр, түүнийхээ “алдсан” гэх мөнгийг олж өгөх гэсэн үлгэртээ цэг тавихаас аргагүй болж буй юм билээ.

Захиалгат аллагын эзэн Лам Пинг гэж хэн бэ?


Монголд ардаа томоохон “гал хамгаалагч”-тай О.Мөнхбат хятад түнш Лам Пингээ нутгаасаа оргон зайлсныг Б.Дэлгэрсайханаас болсон мэтээр ойлгуулах гэж, Б.Дэлгэрсайхан хятад түншүүдтэйгээ нийлээд нутагт нь байлгах аргагүй болгосон мэт зүйлийг ярьж байгаа аж. Гэтэл бодит байдал дээрээ Лам Пинг гэж энэ хятад ямар хэрэг үйлдсэнийг дараах мэдээнээс харж болно.
“Өвөр Монголын Бугат хотын иргэн Лам Пинг 300 сая юанийн өртөг бүхий нүүрсний уурхай худалдах хөрөнгө мөнгийг ганцаараа завшихын тулд алуурчид хөлслөн 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Жөү Жинь Шинь гэдэг тэрбумтны амийг хөнөөсөн. 2006 оны гуравдугаар сарын 15-ны өдөр бусдын захиалгаар хүний амь нас хөнөөсөн Жау Вэй Фэнг нарын долоон этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ”.
Энэ бол 2006 оны гуравдугаар сарын 13-нд Хятадын мэдээллийн “Синхуа” агентлагийн сурвалжлагч Танг Жи, Бай Бин нарын бэлтгэж интернэтээр цацсан мэдээний гол утга нь. Уг мэдээлэлд гэмт хэргийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байх бөгөөд шүүхээс алуурчдад болон захиалагчид ямар ял оноохоор төлөвлөсөн зэргийг ч дэлгэрэнгүй бичсэн бий. Энэ хэрэг тухайн үедээ Хятадад ялангуяа Өвөр Монголын Өөртөө засах оронд том дуулиан тарьж байсан юм.
Дээрх гэмт хэргийн захиалагч болох Лам Пинг гэгч нь хэрэг шалгагдах үед сураггүй алга болж, улмаар Хятадын Цагдаагийн байгууллага Интерполд ханджээ. Хятадын эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн талаарх албан ёсны баримтад Лам Пингийг 2005 оны зургадугаар сарын 17-ноос эхлэн эрэн сурвалжилж байгааг тэмдэглэсэн байдаг. Мөн 2006 оны хоёрдугаар сарын 20-нд мэдээллийг нь шинэчилсэн байна. Ингэж Хятадад эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн Монголд үе үе ирдэг байсан байж болзошгүй гэдэг асуудал ч бас байгаа юм. Хятадын ЭСЯ-наас өнгөрсөн намар манай ЦЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нэгэн бичиг иржээ. Уг бичигт хоёр улсын Засгийн газар хоорондын холбогдох гэрээ хэлцлийн дагуу гэмт хэрэгтэн эрж хайх тал дээр хамтран ажилладаг бөгөөд энэ дагуу 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд оргон зайлсан Лам Пинг Монголд ирдэг байж болзошгүй мэдээлэл байгаа бөгөөд түүнийг олж баривчлах тал дээр хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утгатай байжээ. Эндээс Лам Пинг гэгч энэ хэрэгтэнг эрэн сурвалжлах ажил одоо ч хэвээр гэдэг нь харагдаж байгаа юм.
Лам Пинг нь 1959 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн. Хэрэг үйлдэх үед Хятадын хууль хяналтынханд үлдсэн баримтаар Хонгконг Жиү Лионг жиань ша-жиао жалиань вэй 90 тоот. Хель тонь В байрны В-ийн Е гэсэн хаягаар оршин сууж байсан. Түншээ захиалгаар хөнөөлгөсөн Лам Пинг өөрөө оргон зайлж, захиалгат аллагыг гүйцэтгэсэн долоон хүний тав нь цаазлуулж, хоёр нь бүх насаараа хоригдох ял авчээ. Насаараа хоригдоно гэдэг шоронд үхнэ гэсэн үг болохоор үхсэн гэдэгтэй бараг л агаар нэг. Ийм нэгэн дуулиант хэргийн гол зохион байгуулагч гэдэг нь нотлогдож, нутаг орондоо байвал цаазаар авахуулах нь тодорхой болсон Лам Пинг бусдын амиар олж авсан орд газар, уурхайгаа зараад зугтсан. Зугтаж яваад буудалласан газар нь Итали. Италиас ч итгэмжлэл бичнэ, Хонконгоос ч бичнэ. Сүүдрээсээ ч айж яваа хэрэгтэн хятадад арай л дэндсэн эрх чөлөө.
Харин түүнийг Б.Дэлгэрсайханыг дээрэмдэх санаа агуулсан эрүүгийн гэмт хэрэгтэн О.Мөнхбаттай холбосон хүн нь Лам Пинг Монголд байхад бүр тодруулбал, Б.Дэлгэрсайхантай хамтарч “Монтаймайнз” компанийг байгуулж байх үед орчуулагчаар нь ажиллаж байсан Эрдэнэхоролын Бямбасүрэн гэж эмэгтэй. Тэрбээр олж авсан мэдээллээ ашиглан их мөнгө олох санаатай байсан ч бүтээгүй. Санааг нь бүтээж саалийн үнээ болох хүн өөрөө олдсон нь О.Мөнхбат гэж арван жил аавынд сууж муу хэргийн ном хангалттай үзээд гарч ирсэн нэгэн. Тиймээс түүнтэй хамт Италид очиж Лам Пингтэй уулзан итгэмжлэл гэгчийн үлгэр эхэлсэн байдаг юм.
Эд нарын шинэ золиос болсон Хонконг паспорттой хятад эр Ка Чи То нэхэмжлэхээсээ татгалзаж, энэ тухай нь шүүхийн шийдвэр гарсан, бас түүнийг “Сагсайдсан” зэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

Аgency of investigative journalists-д бэлтгэв