НҮҮРЭНТЭЙН ХӨНДИЙД нүүрлэсэн завхрал
2014/03/19
Дуулиан, шуугиантай сонгуулийн зарга өдийд чихний үзүүрт дурсамж төдийхөн дуулдаж байх учиртай. Гэвч 2012 онд болж өнгөрсөн УИХ болон Орон нутгийн сонгуулийн дуулиан хоёр дахь оныхоо босгыг давсан ч намжсангүй. Иргэдийг залхаасан улс төрийн намуудын улайрсан энэ тэмцэл эцэстээ орон нутгийн засаглалыг завхруулах хэмжээнд хүргэж буй нь гашуун үнэн.
Сонгуулиас хойш улстөржиж, засаглалын хямралаа эмхэлж дийлэхгүй яваа аймаг, сум, дүүрэг хэд хэд байна. Тэдний нэг нь нийслэлийн Багануур дүүрэг. Нийслэлээс алс, Нүүрэнтэйн хөндийд тухалсан Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн онд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, оны төсвөө баталж чадаагүй. Энэ оны эхний улирал дуусах гэж байхад бас л бахь байдгаараа. Хуульгүй засаглалтай, төсөвгүй дүүргийн хувь заяа хаашаа чиглэж явааг хайхрах нэгэн ч үгүй бололтой. Энэ бүхэнд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ойролцоо суудал авсан МАН, АН-ын гишүүдийн аль аль нь буруутай. Нөгөө талаар засаглалын эрхийг булаалдсан орон нутгийн жижиг улстөржилт бүхэл бүтэн нэг дүүргийн иргэдийн амьдралд садаа болж, хувь заяаг бүдгэрүүлж байхад эрх баригчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа нь гайхалтай.
2012 оны Орон нутгийн сонгуулийн дүнгээр тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН 13, АН 12 суудал авсан. Хоёр нам Иргэдийн хурлын 25 суудлыг ердөө нэг суудлын зөрүүгээр хуваасан нь дүүргийн засаглалыг гацаах эхлэл болсон. Сонгуулийн дүн гарсан өдрөөс л Багануурын төр, захиргааны эрхийн төлөөх “хууль”-гүй тэмцэл өрнөсөн. “Багануурын АН, МАН-ын гишүүд тус тусдаа Иргэдийн хурлаа хуралдуулж гэнэ”. “Тус тусдаа Иргэдийн хурлын дарга, Засаг дарга нараа тодруулж гэнэ”. Энэ мэт яриа олонтаа сонсогдсоор одоо нэгэнт сонин байхаа больжээ. Хоёр намынхан шийдвэрээ Нийслэлийн Засаг даргад илгээсэн боловч Э.Бат-Үүл хууль дүрмийн дагуу биш, намчирхаж хандсан гэх шүүмжлэл бас дуулдсан. Дүүргийн засаглалыг хямраахад уг сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Г.Намшир гэгчийн оролцоо өндөр байсан гэдэг. Энэ этгээдийг Иргэдийн хурлыг ердөө нэг суудлын зөрүүтэй хуваасан дүүргийн АН, МАН-ын төлөөлөгчид өрөөндөө түгжиж, хорьж цагдах нь холгүй юм болж байж өөр өөрсдийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг сонгосон гэнэ лээ. Хаалгаар гармагц намаасаа, найзаасаа урвачихдаг Г.Намширын паян Багануураар нэг түгж дүүргийн иргэд урваж, шарвах тухай ойлголтыг “Намширдана” гэх үгээр түвэггүй ойлгох болж.
Юутай ч 2013 оны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нууцаар хуралдсан АН-ын 12 төлөөлөгч болон намын нөхдөөсөө нүүр буруулсан Г.Намшир нарын талд шийдвэр гаргаж, 2012 оны арванхоёрдугаар сард дүүргийн ИТХ-ын даргаар Б.Бямбадорж, Засаг даргаар М.Гончигжавыг батламжилсан юм. Энэ үеэс Иргэдийн хуралд 13 суудалтай МАН-ын дуусашгүй зарга эхэлж, Г.Намшир нь ИТХ-ын гишүүн мөн эсэх, АН Багануурт хууль ёсны засаглал тогтоох эрхтэй юү, дүүргийн хуучин дарга Ц.Сандаг-Очир авлига авсан уу, үгүй юү гэдгийг нягтлах гээд ар араасаа үргэлжилсэн хэд хэдэн асуудал шүүхээс шүүх дамжин нисэж яваа.
Дүүргийн засгийн эрхийг булаалдсан улс төрийн намын төлөөллүүд хаа нэгтээ нийлж хуралдахдаа хэрүүл маргаан дэгдээж, зодоон цохиондоо тулах нь энүүхэнд. Нийслэлийн удирдлага орон нутгийг завхруулсан одоогийн засаглалыг хүлээн зөвшөөрч, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт ажлыг нь хүлээлцүүлэхээр очих үеэр АН-ын нэгэн залуу гишүүн хуучин Засаг дарга руугаа гутлаа тайлаад шидэж байсан удаатай. Ц.Сандаг-Очир нь Засаг даргын тамгаа өгөхгүй гүрийж, шинээр томилогдож буй М.Гончигжавыг чамгүй зовоосон. Бүр дүүргийн Цагдаагийн хэлтсийг оролцуулж байж Засаг даргын тамга тэмдгээ хураан авсан ч АН-ын төлөөлөгчид 2013 онд дүүргийнхээ төсвийг баталж чадаагүй юм.
Учир нь дүүргийн төсвийг хамтран батлах учиртай МАН-ын гишүүд нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа нэг ч удаа суусангүй. Энэ дөрвөн жилд орон нутгийг удирдана, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийднэ гэж уйлан дуугарч санал авсан Иргэдийн хурлын 25 төлөөлөгч улстөржилтөөсөө болж орон нутгийг ийн хохироож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байлтай. Засаглал нь завхарч, төсөв хөрөнгөө ч төлөвлөж чадаагүй АН-ынхан 2013 оны долдугаар сард 12-13 төлөөлөгчтэй хуралдсан болж төсвөө хальт, мулт баталсан гэдэг. Гайхалтай нь баталсан гэгдэх төсвийг нь албан ёсных болгон баталгаажуулах учиртай ИТХ-ын даргын тамга нь МАН-ын төлөөлөгчдийн гарт үлдсэн тул шинэ удирдлага нь шинэ тамга тэмдгийн эрэлд мордсон байдаг. Хууль ёсны гэж хэлэхэд хэцүүхэн энэ төсвийн дагуу Багануур дүүрэг могой жилийг үдсэн ч морин жилийг яах вэ гэдэг асуудал бас л тодорхойгүй. Учир нь тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2014 оны төсвөө баталж чадаагүй байгаа юм.
Ажил нь зуун задгай болсон тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ оны эхний өдрүүдээс дахин үймж эхэлсэн байна. Үймээн мөн л засаглалын эрхийг би барих уу, чи барих уу гэдгээс эхтэй. Албан тушаал, эрх мэдэл булаалдсан эл маргааныг энэ удаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа очихгүй өнөөдрийг хүртэл гэдийж байгаа МАН-ынхан биш, орон нутагт засаглаж буй АН-ынхан эхлүүлжээ. Тус намын 11 төлөөлөгч нэг өдөр хуралдаж, Засаг ноёноор томилсон М.Гончигжавыгаа ажлаас нь халахаар ханцуй шамлажээ. Шалтгаанаа тэд “М.Гончигжав ажил хийх чадваргүй, дүүргийн төсвийн хөрөнгийг дур зоргоороо зарцуулдаг” гэсэн байна. Харамсалтай нь АН-ынхан дангаараа хүч хүрэхгүй болсон тул МАН-ынханд хандан, тус дэм үзүүлэхийг гуйжээ.
Дүүргийн төсөв батлах болохоор үзэгдэж харагддаггүй МАН-ын төлөөлөгчид Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед тун хурдан цуглажээ. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд болсон эл хурлаар хоёр намын ИТХ-ын 22 төлөөлөгч дүүргийн Засаг дарга М.Гончигжавыг огцруулах асуудлыг 100 хувь дэмжиж, түүний оронд ИТХ-ын даргаар ажиллаж байсан, дүүргийн АН-ын дарга Б.Бямбадоржийг санал болгосон гэнэ. Тэд энэ шийдвэрээ Хотын даргад явуулжээ. Гэвч Засаг дарга М.Гончигжав нь Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд ирэхдээ “Намайг томилолтоор гадагшаа явсан, эзгүй үед ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарласан тул Э.Бат-Үүл дарга батламжлаагүй гэх. Үүний дараа дүүргийн ИТХ ахин хоёр ч удаа хуралдаж, Засаг даргаа огцруулах шийдвэрийг давтан гаргасан ч Бат-Үүл даргаа зөвшөөрүүлж чадаагүй л байгаа. Завхарсан засаглал, улстөржсөн намууд, төсөвгүй дүүргийн ИТХ-ын гишүүд дахин ямар сюрприз барихыг таахад бэрх. Тэднийг эрх мэдлийн төлөөх тэмцэл зовоож байгаа бол дүүргийн мянга мянган иргэдийг амьдрал ахуйн өч төчнөөн асуудал шаналгаж буй нь тодорхой.
Зочин · 2014/03/20
gonchigjaw bol ugaasaa bvtehgvi gar shvv dee anhanaasaa iim ***** durakiig songodog ardachilsan namiinhan yaay
Зочин · 2014/03/20
ARAI DENDEJ BNA DA DURAAkuud ahij garna bga
Зочин · 2014/03/20
дараагийн сонгуульд энэ на******дад цэг тавьяа ард түмээн.ажилд сайн шударга залуусд боломж олгоё
Зочин · 2014/03/20
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179