Хариуцлага нэхсэн хариуцлагагүй мэдэгдлүүд
2014/03/19
Хүн алдаж хэлэхийг аль тэр гэхэв. Гэхдээ ярьж хэлж байгаа зүйлээ анхаарч, алдаа гаргах ёсгүй хүмүүс гэж бас бий. Тэд бол ард түмэн, нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн эрх баригч, удирдагчид. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалыг хашиж байгаагийнхаа хувьд алдаа гаргах эрхгүй гэсэн үг. Эдгээр хүний алдаж хэлсэн үг нь олон нийтийг бухимдуулаад зогсохгүй амьдралд нь сөргөөр нөлөөлдөг учраас тэр.
Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийн алдаагаа ухаарч хариуцлага хүлээсэн олон жишээ, өөрөө санал гаргаагүй ч удирдлага болон олон нийтийн саналын дагуу тухайн албан тушаалтанд хариуцлага тооцдог жишиг олон улсад бий. Гэтэл манай улсад ийм жишиг алга. Өөрийнхөө алдааг ухаарч хариуцлага хүлээсэн жишээ ч алга. Алдаагаа ухаарч ард түмнээсээ уучлал гуйгаад л өнгөрсөн жишээ цөөхөн байна. Мөн дээд байгууллага нь тухайн албан тушаалтандаа хариуцлага тооцсон болж цалингийнх нь хэдхэн хувиар торгосон тохиолдол бий.
Өнгөрсөн хугацаанд одоогийн эрх баригчид ямар хариуцлагагүй мэдэгдэл хийснийг тоймлон хүргэж байна. Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй гэдэг. Эрх баригчдын хариуцлагагүй мэдэгдлүүд өнөөдөр ч тэднээс хариулт нэхсээр байна.
Тухайлбал, Ц.Баярсайхан сайдаас “Орон сууцны үнэ хэзээ буурах вэ”, Уул уурхайн сайдаас “Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн яасан бэ”, Сангийн сайд Ч.Улаанаас “Ам.долларын ханш хэзээ 1384 төгрөг болох вэ”, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалаас “Үнэхээр шүлхийтэй мах идэж болох уу” гэдэгт асуултад хариулт авахыг хүсч байна. Хариулт байхгүй бол сонгогчид хариуцлага нэхэх биз ээ.
Ингээд хариулт, хариуцлага нэхсэн улстөрчдийн хийтэй мэдэгдлүүдийг дахин сануулъя.
Шадар сайд Д.Тэрбишдагва:
-Бид Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэхийг суурь зарчмаа болгож АН болон ИЗ-НН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэтэл АН-ын зүгээс манай нам руу хандсан хэлмэгдүүлэлтийг маш ихээр хийх болсон. Үүний тод жишээ гэвэл орон нутгийн хурлын сонгуулиар биднийг их муухай басамжиллаа. Манай нам орон нутгийн хурлын сонгуулиар найман мянга гаруй нэр дэвшигчийн мандат авах байсан. Гэвч хоёр мянга гаруй хүн нэр дэвшсэн. Шүүхийн шийдвэр гарсаар байтал нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь олгохгүй, сонгууль болохоос гурав хоногийн өмнө үнэмлэхийг нь өгч байх жишээтэй. Үнэмлэх олгох байсан ч өгөхөө мартсан гэсэн тэнэг үйлдэл гарсан шүү дээ. УИХ-ын 2012 оны сонгуулиар албан ёсоор сонгогдсон Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг хууль бусаар хассан. Бид Гүйцэтгэх товчооны хурлаараа дээрх асуудлуудыг ярьсан. Энэ Засгийн газарт ажиллах уу, ажиллахгүй юу гэдэг асуудлыг өнөөдөр ярих хэрэгтэй болж байх шиг байна. Өнөөдөр үдээс хойш бид Засгийн газартай холбоотой асуудлыг ярина. Монгол Улсын үндэсний эрх ашгийг сонгох, сонгогдох эрх гэж ойлгож байна. Бид хувь хүн болон намын эрх ашгийг хоёрдугаарт тавина. Засгийн газраас гарах гарахгүй эсэхээ Ерөнхий сайд Киргизээс ирсний дараа нухацтай ярилцана.
www.Info.mn 2012.12.05
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:
-Буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлах гээд байгаагийн цаана ямар нэгэн хүний эрх ашиг байхгүй гэдгийг бардам хэлье. Тийм эрх ашигт хөтлөгддөг хүн би биш. Нөгөө талаас буруу талдаа рультэй автомашиныг хязгаарлалтад оруулж байгаа нь ерөөсөө л зам тээврийн ослыг бууруулах арга хэмжээний нэг.
“Үндэсний шуудан” сонин 2013.01.17
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
-Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж, шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр малыг тэвчих арга алга. Новш...
@Temuujin_Kh 2013.07.07
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
-Сүүлийн үед орон сууцны үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэл их гарч байна. Тодорхой хэмжээний орон сууц баригдаж байна. Баригдаж байгаа орон сууцнууд ашиглалтад орж нийлүүлэлт нэмэгдэнэ. Тиймээс иргэд тэвчээртэй байвал орон сууцны үнэ буурна.
“Үндэсний шуудан” сонин 2013.08.20
ШӨХТГ-ын дарга О.Магнай:
-Таксины үнийг нэг километр замд нэг мянган төгрөгөөр тооцон явуулахаар болсон. Такси үйлчилгээ эрхлэгчдээс ямар хариуцлага хүлээх вэ гэхээр албан ёсны баталгаажуулсан тоолууртай байна. Дээрээс нь Улаанбаатар хотод үйлчилгээнд гарч байгаа бүх такси аль компанийхаасаа хамаараад бүгдээрээ адилхан наалттай нэгэн жигд болно. Такси үйлчилгээний компаниудын зүгээс энэ ажлыг 30 хоногийн дотор бүрэн шийднэ гэсэн.
www.zaluu.com 2013.08.28
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Шатахуун импортлогчдын зүгээс гадаад валютын үнэ ханш нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор бид үнэ ханшаа нэмэхээс аргагүй гэсэн хүсэлт ирүүлсэн. Гэвч сүүлийн үед валютын ханш харьцангуй тогтворжиж байгаа болохоор үнэ нэмэх үндэслэлгүй. Тэгээд ч Монголбанкнаас үнэ тогтворжуулах арга хэмжээг эрчимтэй явуулж байгаа. Тиймээс валютын ханшны өсөлтөөс болж үнэ нэмэгдэхгүй гэлээ.
www.news.mn 2013.09.25
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй. Өндөг бол тансаг хэрэглээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Бүх юмны үнийг тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ.
Ерөнхий сайдын 30 минут 2013.10.30
ГИХГ-ын дарга Б.Пүрэвдорж:
-Би энэ ажлыг авснаас хойш гурван зүйл дээр хүнд суртал гаргана гэж бодож байгаа. Нэг нь юу вэ гэхээр, 1990 оноос хойш Монголын эдийн засаг хүнд байхад гадаадыг зорьчихоод одоо эдийн засаг сайжирсан үед Монгол Улсаа гээд эргэн ирж байгаа хүмүүст хүнд сурталтай хандана.
“Eagle” телевиз 2013.12.01
Сангийн сайд Ч.Улаан:
-Санхүү эдийн засагчид өөрсдөө их сонин хүмүүс байдаг. Маш энгийн зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг. Өнөөдөр 1750 төгрөгтэй тэнцэж байгаа ам.долларыг 1384 гэж төлөвлөж байдаг. Хэн ч харсан энэ бол парадокс. Гэхдээ санхүү эдийн засагчид ойрын болон холын ирээдүйд ямар өөрчлөлт гарч түүнийг хэрхэн давж туулах вэ гэдгийг үргэлж бодож байж шийдвэр гаргаж, алхмаа хийдэг. Тэгэхээр 1750 байгаа долларын ханшийг 1384 төгрөг болгож буулгахыг бодсон байна. Үүнд чиглүүлж бодлогоо тодорхойлоод байна. Мөн нийгэмд зөв сигналь өгч байна. Бидний бодсон амьдралгүй мөрөөдөл байж магадгүй. Гэтэл манай улсын туулж өнгөрүүлсэн амьдралыг харахад 1750-аас 1300 руу унасан тохиолдол бий. Тэгвэл бидэнд зөвхөн мөрөөдөл биш, өмнө нь ажиллаж байсан тэр арга барилаар ажиллаж, тэр үр дүнг давтах бололцоо бидэнд байгаа юм. Тиймээс тэр рүү зорьж байна. Бидний төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжвэл ханш 1384 төгрөгт тогтох боломж бий.
“Үндэсний шуудан” сонин 2013.11.27
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Улс төрийн намуудын тухай хуульд хэд, хэдэн зарчмын өөрчлөлт оруулахаар төлөвлөсний нэг нь УИХ-д суудалгүй намыг татан буулгадаг болох тухай заалт. Одоо үйлчилж байгаа хуулиар улстөрийн намыг байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг. Энэ нь буруу. Өнөөдрийн байдлаар 20 гаруй нам бий. Гэвч сонгууль дөхөхөөр улстөрждөг, сонгууль болохоор улс төрийн шантааж хийхээс өөр бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаггүй. Зарим нэг нам нь даргаасаа өөр гишүүнчлэлтэй эсэх нь эргэлзээтэй. Тиймээс сонгууль болохоор улстөржиж, амь ордог улстөрийн намуудыг цэгцлэхэд дээрх шалгуур үр дүн дагуулна гэж үзсэн.
“Үндэсний шуудан” сонин 2014.01.14
ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал:
-Шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Мөн устгах хэрэгтэй. Устгана гэдэг нь газар булна гэсэн үг биш. Энэ төрлийн халдварт өвчний онцлог нь хүнд халддаггүй. Шүлхийгээр өвчилсөн малын махыг дулааны боловсруулалт хийж, хүнсэнд хэрэглэж болно. Халдварт өвчнөөр өвчилсөн малын махыг бусад улсад хүнсэнд хэрэглэдэг шүү дээ. Гагцхүү бидэнд халдвар тараахгүйгээр шүлхийгээр өвчилсөн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл, бололцоо байхгүй байна. Шүлхийтэй малаа “Мах комбинат” руу зөөх юм бол замд нь халдварын голомт үүсэх магадлалтай. Эхний ээлжинд газар дээр нь устгаж байна. Хэрвээ тухайн өвчилсөн малыг тээвэрлэхгүйгээр өвчний голомттой газарт төхөөрвөл эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Гэхдээ тухайн өвчилсөн малын толгой, хүзүү хэсгийг заавал устгах хэрэгтэй. Харин үлдсэн хэсгийг лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт ашиглаж болно.
www.nud.mn 2014.02.19
ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг:
-Нойтон мах бол тансаг хэрэглээ.
www.24 tsag.mn 2014.02.21
С.ШИЙЛЭГТӨМӨР
Зочин · 2014/03/20
helsen bol hiih heregteishde
Зочин · 2014/03/20
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Зочин · 2014/03/20
СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин · 2014/03/20
tervvhen tervvgeereee oor hoorondoo hereldej muilj baihaar arai tom zuilrvv anhaarlaa handuulaach odoo mongold ashigtai nohtcol vvseed baina ene baidliig ashiglaj ard tvmnee yaduurlaas awrah heregtei baina