“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөн замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулна
2014/03/19
Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхний санаачилсан ээлжит хэлэлцүүлэг Монголын Залуучуудын Холбооны залуус танхимд боллоо.
Хэлэлцүүлэгийн үеэр “Унадаг дугуйн зогсоол түрээс, Багануур дахь унадаг дугуйн зам”, “Унадаг дугуйн замын норм стандарт, дугуйн замууд” зэрэг илтгэлийг оролцож байгаа байгууллагуудаас тавьсан бөгөөд унадаг дугуйн замыг тавихад эхний ээлжинд ямар ажлуудыг хийх, оролцож байгаа байгууллагуудыг чиглүүлэх, олон талт байр суурьнаас асуудлыг хэлэлцжээ.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд унадаг дугуйн замын аливаа асуудалтай холбоотой төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгож, замын хөдөлгөөний дүрэм холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт оролцсон байгууллагууд хамтран судалгааны баг гаргаж ажиллах, иргэд болон жолооч нарт мэдээлэл өгч, хандлагыг сайжруулах, шинээр жолооч болж байгаа болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах ажлуудыг байгууллага бүр зохион байгуулах, мөн олон улсын жишиг, сайн дураараа судалгааны ажил явуулсан хүмүүсийн мэдээ мэдээллийг нэгтгэх, төсөл болгон боловсруулах, салбарын уулзалтыг олон давтамжтай зохион байгуулж яамд, дүүргүүдийг оролцуулахаар болсон байна.
Тус хэлэлцүүлэгт МЗХ-ны төслийн багийнхан, Гудамж төслийн мониторингын албаны дарга Б.Мөнх-Оргил, “Наран Ийст” ХХК–ийн төлөөлөл, Залуу дугуйчин клубын тэргүүн Ч.Түвшинжаргал, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноож, ШУТИС–ийн МИС–ийн дэд захирал Б.Баярсайхан, Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Д.Батжаргал, МАЗЗХ-ны тэргүүн Н.Мөнхбаясгалан, болон НЕТГ-ын архитектур, Нью имедж клубын тэргүүн Д.Хан-Уул, Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Х.Өнөржаргал, Нийслэлийн авто замын газрын төлөвлөлт, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анхбаяр нар оролцсон юм.