Төвийн бүсийн тулгуур төвд автотээврийн шинэ бүтээн байгуулалт “Төв авто буудал” сүндэрлэж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудаас гадна иргэд, тээвэрчид оролцлоо.

УИХ-ын гишүүн М.Энхболд нээлтийн арга хэмжээний үеэр автотээврийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж, иргэд, тээвэрчдийн тав тухтай зорчих боломжийг ханган, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйг онцлоод автотээврийн салбарынхны цаашдын ажилд амжилт хүслээ.


“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд стандартын шаардлага хангасан автобуудал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилга байгууламжийг орон нутагт үе шаттайгаар барьж, байгуулан үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн ханган, нийт 6 аймагт автотээврийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулж буйгаа Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон онцлон хэллээ.

Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрдэж байна.