Нийслэлийн дахин төлөвлөлтийн  бүтээн байгуулалтын ажил сайн, саар хоёр байдлаар урагшилж байна. Улаанбаатар хотыг анх  байгуулж байх үеийн  түүхийн нэгээхэн хэсгийг харуулсан  “Аман хуур” киноны үйл явдал хэсэгтээ л давтагдаж хэл ам дагуулж байв.

Хашааны газраа дааж давшгүй мөнгөөр үнэлж чаргууцалдсан иргэд ч цөөнгүй. Энэ бүхний эцэст төсөл хэрэгжсэн. Энд есөн дүүргээс  хамгийн сайн үзүүлэлттэй яваа нь  Хан-Уул юм. Учир нь  тус дүүрэгт  гэр хороолол бага, орон сууц, томоохон хотхон олонтой. Тиймээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин байруудыг дахин төлөвлөж, шинээр барих төслийг Хотын захиргаанаас үе шаттайгаар эхлүүлсэн.  Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар” гэх нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, дахин барих шийдвэрийг  гаргасан билээ. Төсөлд барилгын олон компани  эрх авсан. Энэ дотор   “Фүжи холдинг” компани  2014 онд  Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг шинэчлэн барих  эрхийг  авсан байдаг. Гэвч 2016 оны хавар  “Фүжи холдинг ББСБ” , “Рендербау”  зэрэг компанийг  иргэдтэй гэрээ байгуулах ажил удаашралтай,  барилгын ажлаа эхлүүлээгүй гэсэн үндэслэлээр  Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг нь цуцалж байв. Шинэ байранд орох гэсэн иргэдийн итгэл  ийнхүү алдрахын даваан дээр 2017 онд  “Фүжи констракшн” групп, “Фүжи девелопмент” компани Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10 дугаар байрны дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулснаар  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Энэ хөрөнгө оруулалтаар  “Хан-Уул цогцолбор хотхон”-ы эхний ээлжийн  16 давхар орон сууцны барилга ашиглалтад орж, хуучин  “Нэхмэлийн V” байранд амьдарч байсан 27 айл өнгөрсөн хавар  шинэ байранд орсон юм.Гэтэл саяхан    “Фүжи холдинг” компанийн захирал  Т.Энхсайхан улс төрийн нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан манай туслан гүйцэтгэгч “Фүжи констракшн” групп,   “Фүжи девелопмент” компани эрхийг маань булаах гэж байна” гэж мэдэгдээд байгаа юм. Энэ маргааны улмаас  бүтээн байгуулалтын ажил зогсч  шинэ байранд орно гэсэн хүлээлт талаар болох вий,  мөн барилгын компаниас олгож буй түрээсээ зогсоож, өвлийн хүйтэнд гудамжинд гарах вий гэсэн айдас, болгоомжлол иргэд, оршин суугчдад тулгараад байгааг хэлж байна.

 

Б.Нямсүрэн: Хоёр талын  маргаанаас болж  байрандаа орж чадахгүй  болох вий  

 

Дахин төлөвлөлтийн шинэ байранд  орохоор хүлээж байгаа 100 гаруй иргэн ХУД-т амьдарч байна.  ХУД-ийн II хорооны Нэхмэлийн-VI  байрны оршин суугч Б.Нямсүрэн  хэлэхдээ “Би энэ  байранд 40 гаруй жил амьдарч байна. Өнгөрсөн жил манай “Нэхмэлийн-VI” байрыг буулгаж, шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. Түүнээс хойш би хүүхдүүдтэйгээ хамт  байр түрээслээд амьдарч байна. Дахин төлөвлөлтийн ажлыг хариуцсан “Фүжи девелопмент”  компаниас  сар болгон түрээсийн мөнгийг нь өгдөг.  Гэхдээ  шинэ байрандаа хурдан орохыг хүсч байна. Сүүлийн үед төсөл зогсч магадгүй гэсэн мэдээлэл дуулдаж сэтгэл зовох боллоо. “Фүжи холдинг ББСБ”-ийн  захирал гэх Т.Энхсайхан гэдэг хүний мэдэгдлээс болж  төсөл зогсох эрсдэл үүсч магадгүйг оршин суугчид ярих  болсон. Миний хувьд  санаа зовж байгаа. Ганцхан би гэлтгүй надтай адил  байраа нураалгаад түрээсийн байр, подвальд амьдарч байгаа зуу гаруй өрх ч бас санаа зовж байгаа байх.  Чаддаг нь хийгээд, хэрэгжүүлээд иргэдийг шинэ байранд нь хурдхан оруулаасай. Төсөлд хамрагдсан иргэдийн зүгээс “Фүжи девелопмент” компанийг бүрэн дэмжиж, цаашдаа төслөө үргэлжлүүлээсэй гэж хүсч байна” гэв. Харин  ХУД-ийн II  хорооны V  байрны оршин суугч н. Амарзаяагийн хувьд “Бид  хуучин, амьдархад хүндрэлтэй байсан байрыг буулгаж, оронд нь шинэ сайхан орон сууц барьж өгсөн   “Фүжи девелопмент”  компанид  баярлаж байгаа. Манайх хуучин “Нэхмэлийн-V” байранд амьдарч байсан, байраа нураалгаад түрээсийн байранд амьдарч байгаад, шинэ байр ашиглалтад ороход хамгийн түрүүнд шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байсан. Ямар байсан байр, одоо ямар болсныг хүмүүс нүдээрээ харж байгаа байх. Дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа компанийн хамт олонд дахин баярлалаа гэдгээ хэлье. Дараа дараагийн олон өрхүүд шинэ байрандаа орохыг хүлээж байгаа байх” гэв.

 

Б.Наранболд: Хөрөнгө оруулагчдаа  гүтгэсэн  Т.Энхсайханыг шүүхэд өгсөн

“Фүжи констракшн” компанийн гүйцэтгэх захирал Наранболдтой уулзахад тэрээр ажил зогсоогүй гэсэн тайлбарыг өгөв.

 

-Танай компани ХУД-ийн “Нэхмэлийн шар” хэмээх  байрны дахин төлөвлөлтөд ямар чиглэлээр оролцож ирсэн бэ ?

 

-Бид энд найман байрны  дахин төлөвлөлтөд “Фүжи констракшн” групп, “Фүжи девелопмент” гэсэн хоёр компаниар 2017 оноос хөрөнгө оруулж ирсэн. Анх “Фүжи холдинг” ББСБ 2014 онд энэ эрхийг авсан ч хөрөнгө мөнгөгүйн улмаас хэрэгжүүлж чадалгүй явсаар бидэнд санал тавьснаар хөрөнгө оруулалтыг хийж,  “Нэхмэлийн V” байрыг буулган шинээр барьж 2019 онд 27 айлыг оруулсан. Одоо “Нэхмэлийн VI” байрны гүйцэтгэл 85 хувьтай, 10 дугаар байр 20 хувийн гүйцэтгэлтэй  явж байна. Энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Энэ байрандаа “Нэхмэлийн 10, 7, 6 дугаар байрны нийт 130 айлыг оруулна. Иргэд эхний ээлжийн байранд оруулж өгөөч гэж хүсэлт тавьсан, тэр дагуу шийдсэн.

 

-Гэхдээ энд хоёр талын маргаан гарсан учир дахин төлөвлөлт зогсох вий гэсэн  айдастай иргэн олон байна.  Энэ талаар тайлбар өгнө үү?

 

-“Фүжи холдинг”-ийн захирал Т.Энхсайхан улстөржсөн мэдэгдэл хийж  биднийг  Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн нарын гар хөл гэж гүтгэсэн. Иймд шүүхэд өгсөн байгаа. Мөн бид хөрөнгө оруулагч байтал туслан гүйцэтгэгч гэж нэрлэж гүтгэж байгаа тул хөрөнгө оруулалтаа татъя.  Дээр нь Т.Энхсайхан Японы иргэнтэй хөрөнгийн маргаантай юм билээ. Энэ нь хүндэрвэл эрсдэл үүснэ гэж  ярилцсан зүйл бий. Гэтэл  иргэдийн зүгээс бидэнд хандаж, “Та нар нэгэнт хөрөнгө оруулагч учраас төслийг үргэлжлүүлээч” гэсэн хүсэлт тавьсан тул бид  хүндэтгэлтэй хандаж ажлаа үргэлжлүүлэн  120-иод айлын  түрээсийг нь төлж хөрөнгө оруулаад явж байна. Ямартай ч бид дахин төлөвлөлтөд 100 хувийн хөрөнгө оруулсан, одоо ч үргэлжлүүлээд явж байна. Ажил зогсоогүй. Иргэдийн тавьсан хүсэлтийг Хотын даргад уламжилъя гэж гарын үсэг цуглуулсан. 85 иргэн үүнийг дэмжсэн байгаа. Мөн хяналтын зөвлөл ч шийдвэрээ гаргасан байгаа. Хот, суурин газрыг хөгжүүлэх хуулийн дагуу  “Фүжи холдинг”-ийн эрхийг “Фүжи девелопмент” компани руу шилжүүлж өгөөч гэсэн шийдвэр байгаа. Нэгэнт хөрөнгө мөнгөгүй, эрх зүйн доголдолтой байгаа учир бид хөрөнгөө татвал иргэд хохирох, цаг хугацаа алдахаар  байгаа нь бодит үнэн. Төслийг эрсдэлгүй явуулахын тулд ийм шийдэл гаргах хэрэгтэй байна.

 

Т.Энхсайхан: Туслан гүйцэтгэгчид манай эрхийг дээрэмдэх гэж байна

“Фүжи холдинг” ББСБ-ын захирал Т.Энхсайханы нэр дурдагдсан асуудлууд байх тул бид түүнтэй  утсаар холбогдож энэ талаар тодруулав.

 

-“Нэхмэлийн шар” гэж нэрлэдэг байрнуудыг дахин төлөвлөлттэй холбоотой таны маргаж байгаа үндэслэл юу вэ?

 

– Дахин төлөвлөлтийн эрхийг анх авсан төслийн удирдагч  нь манай компани юм. Харин  “Фүжи констракшн” групп,   “Фүжи девелопмент” бол манай  туслан гүйцэтгэгч. Гэтэл намайг Ц.Нямдорж сайдтай  тэмцэж байгааг далимдуулан компанийн эрхийг дээрэмдэх гээд байна.

 

-Яаж тэр билээ?

 

-Одоо шинээр ашиглалтад орох 150 гаруй өрхийг миний эсрэг гарын үсэг зурахгүй бол шинэ байранд оруулахгүй гэж айлгасан байна лээ. Тэгж цуглуулсан гарын үсгээ хотын даргад өгчихсөн байгаа. “Нэхмэлийн шар”-ыг тойрсон асуудлаар иргэд оршин суугчид  болон маргаж буй талуудын байр суурийг сонирхоход  ийм байна. Зөрчил, талцлаас  болж төсөл зогсолгүй  цааш амжилттай хэрэгжиж  чадвал 2022 онд дуусах төлөвлөгөөтэй гэдгийг  тэд хэлж  байв.

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин