Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилгүй иргэдийг ажилтай болгох зэрэг олон асуудлын хүрээнд Монгол улсын Хөдөлмөрийн яам үйл ажиллагаа явуулдаг. Ярианы хэллэгээр бол ажилгүйдлийг бууруулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй ч бай,  тэтгэвэрт гарах дөхсөн ч бай,  хөгшин залуу, эр эм гэж ялгалгүй  хүмүүсийг ажилд зуучилж, зарим тохиолдолд ажил олгогч  байгууллагад мөнгөн тэтгэмж өгөх,  хувиараа бизнес хийж байгаа хүмүүсийг дэмжихэд  анхаардаг. Тэр ч бүү хэл “Эзэнтэй Монгол”  хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.   Үүнийг талархан хүлээн авч,  сайшаан магтмаар.

Харамсалтай нь Хөдөлмөрийн яам Монгол гэр бүлийг салгах,  Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагааг явуулаад эхэллээ.  Тодруулбал  Солонгос улсад ажиллах хүч илгээхээр болж, өнөөдрөөс эхлэн бүртгэлээ явуулж байна.  Энэхүү ажлыг  хийхдээ дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсийг  бараг л бүрэн бүрэлдэхүүнээр нь ашиглаж байгаа ажээ. Үүний улмаас  дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс  энэ долоо хоногийг дуустал үндсэн ажлаа хийхгүй, гадаадад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэхээр болж байгаа юм.

 Солонгост  ажиллаж байгаа Монголчууд гол төлөв хүнд ажил хийж, шар махтайгаа хатаж байгаа. Үүнийхээ оронд ойролцоо цалин авч эх орондоо ажилласан нь дээр  гэдгийг  өмнө нь Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс ярьсаар байна. Үүнээс гадна Монгол залуусаа  Солонгос руу явуулахаас харам, харууслын сэтгэл төрүүлж байгаа  хэд хэдэн зүйл байна. Тодруулбал, Монгол залуусаас бүртгэлийн хураамж гэж 24 ам.доллар  буюу 42600 төгрөг авч,  18-39 настай байх (1974 оны 03-р сарын 25-аас 1996 оны 03-р сарын 24-ний өдрийн хооронд төрсөн байх), Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх зэрэг  шаардлага тавьж  “шигшиж” байгаад гадагшаа  гаргах гэж байна.  Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, хөдөлмөр эрхлэх насны,  хүн амын өсөлтөд хувь  нэмэр оруулах хүмүүс л өнөөдөр Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Тэдний тоог нэмснээр  Монголын хичнээн гэр бүл салж,  хичнээн  залуу  хууч өвчтэй болж,  Монгол цус холилдох бол?  

Өнөөдөр БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 иргэн Солонгост хууль бусаар ажиллаж байгаа гэсэн статистик дүн байна.  Монголоос ажиллах хүч илгээснээр энэ тоо  хэд болж өсөх нь бүрхэг.

Үнэн хэрэгтээ Хөдөлмөрийн яамнаас ийм үйл ажиллагаа явуулахынхаа оронд  ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө  сурталчилах ёстой байсан. Мөн гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирж , үндэснийхээ хөгжилд хувь нэмэр оруулж байгаа залуусаа урамшуулахын зэрэгцээ олон нийтэд сурталчилаад өгөх ёстой.  Ерөнхий сайд хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэж байгаа энэ цаг үед  гадагшаа ажиллах хүч гаргах нь зөв үү Я.Санжмятав сайд аа?

Ажлаа  хийж чадахгүй гэр бүл салалт,  өвчин, зовлон дуудсан ийм ажил хийхээ больчих хэрэгтэйг анхаар.

Э.Мөнгөн