“ITM-2014” ОУ-ын үзэсгэлэнд Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци анх удаа оролцлоо
2014/03/24
1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 3 дугаар сард уламжлал болгон Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд ITM 2014 үзэсгэлэн энэ сарын 22-23-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдсан юм. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг төрөл бүрийн бизнесийн боломжууд бүрдүүлж өгдөгөөрөө онцлог юм байна.
Энэ жил өргөн хүрээтэй зохион байгуулагдаж 16 аймаг, 51 төрийн болон төрийн бус аж ахуй нэгж, байгууллагуудыг оролцуулсан байна.
Тэдгээрийн дундаас “Монголын Залуучуудыг Дэлхийгээр Хөтөчлөнө” уриатай залуучуудад зориулсан гадаад, дотоод аялал, аялал жуулчлалын олон сонирхлын багцуудыг санал болгодог МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци анх удаа оролцоо. Өөрийн үйл ажиллагаагаа үзэсгэлэнд оролцогчид, хэрэглэгчдэд сурталчлан таниулж, тээврийн байгууллагууд, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, тур операторууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол залуусдаа чиглэсэн олон үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахаар болжээ. Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци одоогоор “Бээжин хотоор аялангаа 16 дахь удаагийн олон улсын Эрүүл мэндийн үзэсгэлэн үзэх сургалт, танин мэдэхүйн аялал”, “Монгол Фанат – Бразилд хөл бөмбөгийн тоглолт үзэх аялал”, “Beyond The Music – олон улсын хөгжмийн наадам үзэх Испани улс, Барселона хот, Бенаскын аялал”, төгсөгч ангийн оюутнуудад зориулсан хонхны баярын аяллуудаа Бээжин, Хөх хот – Ордос, Байгаль нуур – Итгэлт Хамба зэрэг чиглэлүүдэд зохион байгууллаа.