-Монголдоо ганц байдаг Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийг захирах, дарга яагаад олдохгүй байна вэ? -

ГССҮТ-ийн даргын төлөө тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван нар сонгон шалгаруулалтад орсон юм. Уг сонгон шалгаруулалтаас А.Мөнхтайван шалгарч даргаар томилогдохоор болсон. Харин энэ сарын 20-нд Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй албаны хүмүүс Ц.Энхбаяраас А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ГССҮТ-д очсон боловч Ц.Энхбаяр ажилдаа ирээгүй юм. Тэрбээр ийн тамга тэмдгээ өгөөгүйгээс үүдэн Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид ажлаа амжуулж чадалгүй буцав. 
Харин маргааш нь буюу энэ сарын 21-нд  Ц.Энхбаяр ирснээр дахин А.Мөнхтайванд ажлыг албан ёсоор хүлээлгэх ажил өрнөсөн боловч даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр гэнэтхэн дахиад л “алга болчихсон” хэмээн албаныхан мэдээлэл өгсөн.

Учир бүтээлэг алга болсон үүрэг гүйцэтгэгч даргаас болж  ГССҮТ-ийн эмч, ажилчид цалингаа ч авч чадалгүй яваа аж. Учир нь байгууллагын захирал ажилчдын цалин олгох бичигт гарын үсэг зурах ёстой байдаг. Эрүүл мэндийн сайдын тушаал ёсоор А.Мөнхтайван ГССҮТ-ийн захирал болох ёстой, гэтэл ажлаа, тамга тэмдгээ албан ёсоор хүлээж аваагүй болохоор шийдвэр гаргах төвшинд эрх мэдэлгүй хүн. Ингээд л эмнэлгийн эмч, ажилтнууд цалин хөлсөө авч чадахгүй байдалд хүрсэн байна.

Үүнээс ч болсон тамгаа ч аваагүй шинэхэн дарга А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр шинэ албанаасаа татгалзжээ. ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаярын тухайд сайдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн, тиймээс ГССҮТ-д ажиллахгүй байгаа, гагцхүү тамга, тэмдэг хүлээлцэх ёстой. Гэтэл А.Мөнхтайван өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаас татгалзсан тул ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулах юм. Тэр хүртэл тус төвийн үйл ажиллагааг орлогч дарга хариуцан ажиллахаар боллоо.

                                        -Толгойгүй эмнэлгийн эм, тариа тасалдаж эхлэв-

Ийн удирдах даргатай боллоо гэсэн чинь дахин даргагүй болж орхисон эмнэлэгт дахин асуудал гарав. Тодруулбал, тус эмнэлгийн эм тарианы хангамж ч тасарч эхэлжээ.

Нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн эмч, ажилтнууд эмнэлгийнхээ Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан Эрүүл мэндийн сайдад хандсан ч одоогоор хариу ирүүлээгүй байгаа гэв. Эрүүл мэндийн яам асуудлыг яаралтай нэг мөр шийдэхгүй бол ГССҮТ-ийн эмч, ажилтнууд албан ёсоор мэдээлэл хийнэ гэдгээ дуулгалаа.

Эрүүл мэндийн яамны сайд нь ганц эмнэлгийн даргаас тамга тэмдгийг авч чадахгүй байна гэдэг бас л гайхалтай хэрэг. Удирдлагагүй эмнэлгийн эм хангамж тасалдаад эхэлсэн энэ үед  гэнэтийн аваарь, осолд орсон өвчтнүүд яах вэ? Хэрвээ гэмтэж бэртээд хүнд өвчтөн ирвэл эм, тариа байхгүй гэх шалтгаанаас болж хүний амь эрсдэх асуудал гарахгүй гэсэн баталгаа алга. ГССҮТ-д насанд хүрэгчдийн тасагт нь гэхэд өдөрт 100-110 хүн хэвтэн эмчлүүлдэг гэсэн тоо баримт бий.

 

Х.Даваа