МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёл шинжлэх ухааны хяналтын газрын болосролын хяналтын улсын ахлах байцаагч Л.Дэлгэрмаа энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт төлөвлөгөөт хянал шалтгалт хийжээ.

Энэ үеэр 12 бүлгийн эцэг эхийн зөвлөлийн санаачлагаар цэцэрлэгийг камержуулах нэрийдлээр бэлэн мөнгө их хэмжээгээр хурааж байгаа асуудлаар гомдол гаргасныг давхар шалгасан байна. 

Хууль бус төлбөр хураамж авч байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд 96 хүүхдийн эцэг, эхээс 2 сая 700 гаруй мянган төгрөг хураан авсан нь баримтаар нотлогджээ. Энэ нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,7-д заасан “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрсөн аж. Тиймээс энэ сарын 27-ны өдрөөс эхлэн хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг таслан зогсоож, эцэг эхээс авсан бэлэн мөнгөө ирэх дөрөвдүгээр сарын 05-ны дотор буцаан олгуулахаар шийдвэрлэлээ гэж МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Х.Даваа