Гахайн өвчнийг халдваргүйжүүлэхэд 30.5 сая төгрөг зарцуулна
2014/03/28
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан иргэн М.Дамдинхүүгийн гахайн фермд гахайн үржил, амьсгалын хам шинж өвчин гарч 300 гаруй гахайг устгасан.
Тус дүүргийн V хорооны нутаг дэвсгэр гарсан уг халдварын голомтыг дарах, халдваргүйжүүлэх, өвчин нэмж тархахаас сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулахыг нийслэлийн удирдах ажилтнуудын энэ сарын 24-ний ээлжит зөвлөгөөнөөр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгосон юм.
Энэ ажилд шаардлагатай 30.5 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэн М.Дамдинхүү нь гахайн фермийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан бөгөөд халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулаагүйгээс өвчин гарсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн аж.