Хулгайчид “приус”-ын нүүрсний янданг Чойрт их хэмжээгээр цуглуулжээ. Тэд удахгүй урд хөршийн хилээр гаргах гэнэ.

Монголын автомашины зах зээлд Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота “приус” маркийн машины хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Үүнийгээ дагаад сэлбэг, хэрэгслийн худалдаа ч эрэлттэй байдаг. Эрэлт хэрэгцээ бий болохын хэрээр тус машиныг болон эд ангийг нь хулгайлах гэмт хэрэг ихсэх болжээ. Хулгайч нар бусдын машиныг түлхүүр тааруулан хулгайлж, унаж яваад, мал төхөөрч буй мэт эрэг, шураг үлдээлгүй “жиргэх” болж. Хамаг байдгаа барьцаанд тавьж, зээлээр машин авсан хүн “Таксинд явж, орлого олох гэсэн биш бүр дордлоо. Зээлээ яаж төлөх юм, бүү мэд” хэмээн халаглаж сууна. Саяхныг хүртэл “приус”-ын толь, батерей, гупер зэрэг эд ангиудыг мэс засал хийсэн мэт түүж авдаг байсан хулгайч нар “Приус” машины зөөлөн буюу нүүрсэн янданд шунах болжээ.

Учир нь тус янданд мөнгөн ус байдаг хэмээн хүмүүс ярьдаг гэнэ. Үүгээр зогсохгүй “Цагаан алт, химийн ховор бодистой” гэсэн цуу яриа ч тархжээ. Гэвч үнэндээ тус янданд яг юу байдаг талаар баталж, нотолсон дүгнэлт одоогоор байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагынхан онцолж байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа фэйсбүүк грүппүүдэд “приус” машины толь, яндан, гупер авна, зарна” гэсэн зар их байх болсон. Энэ нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн шуналыг хөдөлгөж, гэмт хэрэг үйлдэх сэжүүр болдог аж.  

ӨНГӨРСӨН ОНД 126 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУЛГАЙЛАГДЖЭЭ

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор цагдаагийн байгууллага урьдчилсан сэргийлэх ажлуудыг зохион байгуулдаг аж. Тодруулбал, харанхуй гудамж, талбайд гэрэлтүүлэг хийж, камержуулалдаг. Энэ хүрээнд нийслэлд гурван тэрбум орчим төгрөгийн төсвөөр 1600 орчим гэрэлтүүлэг хийсэн байна. Цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хулгайлах гэмт хэрэг 34 хувиар буурчээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2019 онд хулгайлах гэмт хэрэг 6537 бүртгэгдсэн байна. Үүнээс 126 нь тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг бөгөөд 2018 оны мөн үеэс 66 тохиолдлоор буурчээ. Тээврийн хэрэгслийн үйлдвэр, загвар болон эд ангийн хулгайтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн боловч албан ёсны хариу өгсөнгүй. Харин энэ төрлийн гэмт хэрэг Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн талаар хэлсэн юм. Иймээс бид тус дүүргийг зорилоо. 

ХУУЛИЙН ЦООРХОЙ ХУЛГАЙЧ НАРТ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

Эрүүгийн хуулийн 17.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зүйлчилсэн байдаг. Гэвч автомашины эд анги бүү хэл машин хулгайлах нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог учир тэр болгон хорих боломж байдаггүй гэнэ.  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2019 оны байдлаар “приус” маркийн автомашины нүүрсэн яндан алдагдсан гэмт хэргийн 14 тохиолдол бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны сүүлчээр эрчимжсэн гэнэ. 

Мөн тус дүүргийн Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гурван бүлэг этгээдийг баривчилж, эд мөрийн баримтаар баталгаажуулсан байна. Харин он гарснаас хойш нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн зургаан тохиолдол бүртгэгджээ.  Үүнээс дөрвөн гэмт хэргийн эзэн холбогдогчийг тогтоосон бөгөөд хоёр бүлэг этгээдийг байцааж байгаа гэнэ. Энэ талаар тус хэлтсийн  ахлах дэслэгч Ц.Энх-Амгалангаас тодрууллаа. 

-Энэ төрлийн гэмт хэргийг хэдээс хэдэн насныхан үйлдэж байна вэ? 
-18-30 орчим насны залуус бүлэглэн үйлдэх нь элбэг. Өөрөөр хэлбэл тогтсон ажил төрөлгүй, аль болох амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт түлхүү холбогдож байна. 

-Ажил хийдэггүй залуучууд гэхээр мэргэжилгүй гэсэн үг үү? 
-Хэрэгт холбогдогчдыг харахад дийлэнх нь эзэмшсэн мэргэжилгүй байна. Цөөн хэд нь  өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан бол зарим нь машин засварт ажиллаж байсан хүмүүс байдаг. Тодруулбал, машины эд анги, тэр дундаа нүүрсэн яндангийн талаар мэддэг хүмүүс дээрх хэргийг үйлдэх нь давамгайлж байна. 

-Эд зүйлээ алдсан иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ? 
-Цагдаагийн байгууллага хэргийг илрүүлэн, шалгаад прокурорт шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, бид хэргийг нотолж холбогдох байгууллагад шилжүүлэхээс хариуцлага хүлээлгэх эрхгүй. Тэгэхээр нөхөн төлөлтийг яаж хийхийг шүүхийн байгууллага шийднэ. Тээврийн хэрэгсэл хулгайлах нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог учир тэр болгон хорих боломжгүй. Хүн амины болон хүчингийн гэх мэт томоохон хэргүүдэд л хорьж байгаа. 

-Танай байгууллагаас урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 
-Манай хэлтсийн Хэв журам хамгаалах тасгаас тогтмол эргүүл хийж байна. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц цагдаагийн байгууллагаас гадна иргэдийн оролцоо маш чухал. Тухайлбал, иргэд маань хяналтын камертай газар машинаа байрлуулах, тээврийн хэрэгсэлдээ дуут дохио суурилуулах, хамгаалалтын хучлага хийх зэргээр өөрийн өмчдөө анхаарал хандуулах хэрэгтэй” гэв 

ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ХҮСЭЛДЭЭ ХУУРТСАН ЗАЛУУСЫН ХАЛАГЛАЛ

“Приүс” машины зөөлөн яндангийн хулгайн хэргийг үйлдэгчдийн дийлэнх нь ид хөдөлмөрлөх насны залуучууд байдаг нь харамсалтай. Тус гэмт хэрэгт холбогдогч залуучууд интернэт тоглоомын газар цаг нөхцөөж, улмаар хөл хөдөлгөөн багассан цагт буюу шөнийн 03.00-05.00 цагийн үед хулгай хийдэг аж. Нөгөөтэйгүүр иргэд автомашинаа зориулалтын зогсоол, дулаан гараашинд тавилгүй, хаа таарсан газраа, дур зоргоороо тавьдаг нь хулгайч нарыг даврааж буй гэнэ. Иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор нэгэн жишээ дурдая. Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны 60 дугаар байрны гадна А, Б нар зөөлөн яндан хулгайлж байгаад энэ сарын 4-ний шөнө үйлдэл дээрээ баригдсан байна. Тэд “Энэ нийгэмд залуучууддаа хандсан бодлого байхгүй, ажлын байр хангалтгүй” гэсэн гомдол хэлж байв. Яагаад хулгай хийх болсон талаар нь иргэн Б-гээс тодруулахад “Би 19 настай. Эзэмшсэн мэрэгжил байхгүй. Зөөлөн яндан зах зээлд эрэлттэй, үнэ өндөртэй байдгийг олон нийтийн сүлжээнээс мэдсэн. “приус” машинтай холбогдох фэйсбүүкийн бүх л грүппэд “Нүүрсэн буюу зөөлөн яндан өндөр үнээр авна” гэсэн зар байдаг. Харж байхад зах зээлийн ханш нь 600-700 мянган төгрөг байдаг. Өрөнд орчихсон, яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор найзтайгаа ярьж байгаад хулгайлахаар шийдсэн. Ажил олддоггүй, олдсон нь хугацаа шаарддаг. Мөн цалин хөлс нь найдваргүй болохоор хамгийн амархан гэж хулгайн замыг сонгосон. Би өмнө нь машин засварын газар гагнуурчин хийж байсан. Тиймээс дөрөвхөн боолт тайлаад авчихад амархан гэж бодсон” гэв. 
Харин тус хэрэгт холбогдогч А “Яаралтай их хэмжээний мөнгөний хэрэг гарсан. Баригдсаны дараа гэр бүлийнхэн маань мэдсэн. Анх хулгай хийхдээ л баригдвал яах билээ, ямар хариуцлага хүлээх бэ гэдгээ мэдэж байсан. Гэвч мөнгөтэй болох өөр арга олдоогүй.   Одоогийн нийгэмд залуучуудад хандсан ажлын байр алга. Ажил хийлээ гэхэд барилгын туслахаас өөр ажил олддоггүй. Өвөл барилга зогсчихно. Тэгэхээр хийх ажил олддоггүй. Бид хоёр өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг хийж байгаагүй. Анх удаагийн үйлдлээрээ баригдсан. Одооноос хар мөртэй хулгайгаас хол байж, ирээдүйгээ өөрийн гараараа босгоно гэж бодож байна. Залуучууд бидныг дуурайгаад гэнэн үйлдэл битгий хийгээсэй. Хэрэг хэзээд илэрдэг болохоор ард нь хариуцлага хүлээлгэдэг хууль, цагдаагийн байгууллага байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна” гэсэн юм. Тэд хулгайлсан яндангаа “Сутай буянт” техникийн захад очиж ченж нарт 300 мянгаар зардаг аж. 

“ПРИУС”-НЫ НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ҮНЭ 450 МЯНГААС ЭХЭЛДЭГ 

Баттай эх сурвалжийн мэдээллээр нүүрсэн янданг Говьсүмбэр аймаг (Чойр)-т бөөгнүүлж байгаа гэнэ. Улмаар цуглуулсан яндангаа боломж таарсан үед нь Замын-Үүдийн боомтоор  БНХАУ руу гаргадаг аж. Олон нийтийн сүлжээгээр хүмүүс өөрийн автомашиндаа яндан авч, зарах нь олон. Иймээс аль нь хулгайч, аль нь хулгайчдыг өөгшүүлж буй ченж болохыг ялгахад хүндрэлтэй байдаг гэсэн. Тос, масло үнэртсэн “Сутайн буянт” зах хэмжээний хувьд “Да хүрээ”-гээс бага учир хүн цөөтэй байв. “Засвар хийнэ шүү, юу хийлгэх вэ” хэмээн тал талаас асуух хүмүүст “Приус 20”-ийн нүүрсэн яндан хайж явна” гэж хэллээ. Тэдний нэг нь “За ховрын бараа даа. Олдохгүй л болов уу. Орж ирсэн нь хүүе гэхийн завдалгүй гараад явчихна. I лангуунаас асуугаад ” гэв. Түүний хэлснээр бид тус лангуунд хүрч очвол гуч эргэм насны эмэгтэй худалдагч “Хэдэн оны тэрэг юм. Үйлдвэрлэсэн он, машиныхаа маркаас хамаарч өөр өөр байгаа. 2009 оны “Приус” 20-ийн нүүрсэн яндан нэг сая төгрөг” гэв. Түүний хэлж буйгаар 2006 оноос өмнөх “приус”-ын нүүрсэн яндан 450 мянган төгрөгөөс доош үнэтэй гэнэ. Харин түүнээс дээш оны “приус”-ынх сая төгрөгөөс дээш байгаа аж. Хаанаас оруулж ирдэгийг нь түүнээс лавлахад “Манайх Японоос оруулж ирсэн. Яг одоо бол байхгүй захиалга өгч болно” гэлээ. Тус лангуу цоо шинэ, хайрцаг савтай нүүрсэн яндан зардагийг иргэд хэлж байлаа. Өөр нүүрсэн яндан зардаг лангуу байсангүй. Харин хашаан дотуур холхих засварчин, ченжийн аль болох нь үл мэдэгдэх хүмүүсээс асуухад тэр бүр хариу дуугарахгүй зугтаж байлаа. Хулгайч нар арай өөр аргаар тэдэнтэй ойлголцож, бараагаа зардаг бололтой. 

ХУЛГАЙЧ НАРЫН ХУРУУ ХҮРЭХГҮЙ ГАЗАР ГЭЖ ҮГҮЙ

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллээс харахад техникийн зах дээр зарж байсан машинаасаа дөрвөн ширхэг яндан алдсан ченж ч байх юм. Харанхуй гудамж, камергүй хороолол гээд хаа сайгүй хулгайч нар бүгж, хүний хөл тасарсан шөнийн цагаар ажлаа эхэлдэг байна. Тэдний хуруу хүрэхгүй газар Улаанбаатар хотод үгүй. Бид цахим сүлжээнд байршуулсан зар гэмт хэрэгт хэрхэн сэдэл төрүүлж буйг ажиглахаар хэд хэдэн зарын эзэн рүү утасдав. 9660... дугаартай зарын эзэнтэй холбогдож “Приус-20”-ийн нүүрсэн яндан авна гэсэн үү” гэхэд тэрбээр “Өө, өчигдөр авчихсан. Ах нь харин нүүрсэн яндангаа алдаад, мэдээгүй хэсэг явж. Чи өөр зар хараад үз, зөндөө байгаа” гэв. Түүнээс хэдэн төгрөгөөр авсныг нь тодруулахад “Танил дүүгээсээ 250 мянган төгрөгөөр авчихлаа. Машинаа унагаад сэлбэгэнд задалж байгаа юм байх” хэмээв. Түүний дараагаар 8000хххх дугаар руу холбогдов. “Нүүрсэн яндан хаягаар ирж авах уу” гэж асуухад “Хаана байгаа вэ. Гагнуур хийж болохоор байна уу. Хэр цэвэрхэн байна” гэх мэт зүйлсийг шалгаав. Хариуд нь “Би машин техник сайн мэдэхгүй ээ. Хоёр найз маань үүрээр авчирсан юм. Зарчихаарай л гэсэн” гэлээ. Өнөөх хүн ченж бололтой “За би яг одоо яваад очъё. Наадах чинь хулгайн эд бололтой. Хүн амьтан дуудаж новшрохгүй юм байгаа биз дээ. Ах нь боломжийн үнээр авна” гэв. Бид нэгэн ченжтэй биечлэн уулзахаар боллоо. Түүний хүсэлтээр үйл ажиллагаа явуулдаг газар болон нэрийг нь дурдахгүй байхаар тохиролцов. Хижээл насны, махлаг шар эр бидэнд хандаж “Ахыгаа хэрэгт хийчихэв. “приус”-ын хулгай үнэхээр дээд цэгтээ хүрсэн. Та нар ч үзсэн байлгүй. “Приусны босс” гэдэг кино чинь тэр чигтээ л өнөөдрийн амьдрал шүү дээ. Бид өдөрт ирж байгаа тэр олон хүний хэнийг нь хулгайч гэж мэдэх вэ. Аль болох ашиг олохоор ажиллаж байгаа болохоор авч л орхино. Миний танил нэг эр бий. Нэрийг нь дурдаад яах вэ. Тэр танил маань “Хичээж байгаад хоёр “приус” хусчихад жилээ даачихдаг юм” гэдэг. Хулгайч нар чинь өвлийг “Үүц бэлтгэх цаг” гэнэ. Яаж ч тэгж баригдахгүй, цэвэрхэн хийдэг юм, бүү мэд. Тэгээд эд анги бүрээр нь салгаж зардаг юм. Заримдаа бид хоёрт үнэ тохиролцохгүй үе байна. Тэглээ гээд түүнийг цагдаад маталтай нь биш” гэв. Бидний яриа ийн товчхон болж өнгөрсөн юм. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин