Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байх шийдвэрийг 2003 онд гаргасан билээ.

Энэ өдрийг тохиолдуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2014” өнөөдөр нээлтээ хийлээ. Аяныг Хөдөлмөрийн яам, МХЕГ, МАОЭНХ, МҮЭХ хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээний нээлтэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн сургалт сурталчилгаа явуулдаг 50 гаргуй байгууллага оролцов.

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 1209 удаа үйлдвэрлэлийн осол гарч 1280 хүн өртөж, үүнээс 213 хүн нас барж, 285 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон судалгаа байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотой сарын аян зохион байгуулаад зогсохгүй хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлагатай хандах шаардлагатай байгааг МХЕГ-ын дарга Д.Батмөнх энэ үеэр хэллээ.

Х.Даваа