Нийслэлд шинээр 52 байршилд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхлэх байсан. Тэгвэл бүртгэл тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Т.Соёлхүү “Иргэдэд өмчлүүлэх газрын байр зүйн зураг, хянан баталгааг нь хийсэн. Харин ерөнхий төлөвлөгөөний газраас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж манайд өгөх ёстой. Тэр төлөвлөгөө нь ирсний дараа бид байгууллагын вэб сайтдаа байрлуулж, иргэдийн өргөдлийг авч эхэлнэ” гэлээ.

Мөн тэрбээр төлөвлөгөө нь арай хийгдээгүй байгаа учраас ойролцоогоор сар орчмын хугацаагаар хойшлогдох байх. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ирсний дараа 52 байршлаас бүгдийг нь шууд нэг дор өгөхгүй. Эхний ээлжинд жишээ нь 10 байршлын мэдээллийг гаргана. Тэгээд иргэдээс өргөдөл ирсний дараа сонголт хийгдэнэ хэмээн мэдээлэл өгсөн юм.

Х.Даваа