Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ- аас зарлагдсан “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нэг наст цэцгийн үрсэлгээ ННЦ-01/2014”  тендер нь “Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн холбогдох заалтуудыг зөрчиж худалдан авах ажиллагаанд ил тод, тэгш боломжтой үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал:

1.      Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүн зөвхөн захиалагчийн талаас бүрдсэн нь хуулийн 47 дугаар зүйлийн 4 дэх заалт,

2.      Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэхдээ засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим хуудас e-procurement.mn  сайтад тавигдаагүй нь хуулийн 21 дүгээр зүйл,

3.      Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод тавигдах шаардлагад “борлуулалтын хэмжээ 250.0 сая, сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг 150.0 сая төгрөгөөс доошгүй гэж заасан нь хэт өрсөлдөөнийг хязгаарласан, хэн нэгэн хуулийн этгээдэд зориулсан нь илэрхий байна.  (2013 оноос өмнө үүнтэй ижил төстэй үйл ажиллагаанд 150.0 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ажил хийгдэж байгаагүй болно).

4.      Тендерийн баримт бичигт гадаадын этгээд оролцуулахыг хязгаарласан нь хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дах заалтыг тус тус зөрчжээ.

Энэ мэтчлэн хотын ногоон байгууламжид зарцуулж байгаа хөрөнгө нь одоогийн ногоон байгууламжийн ажилд бүрэн зарцуулагдахгүй байна. Тиймээс Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу холбогдох төрийн байгуулагад  хандахаар төлөвлөөд байгаа юм байна.  Бид энэхүү  хууль зөрчсөн үйлдлийн талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа