Хятадад коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2715-д хүрчээ
2020/02/26
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2715-д хүрч, 29700 гаруй хүн эдгэрсэн бол халдвар авсан хүний тоо 78000 давлаа гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо лхагва гарагт мэдээллээ.
Нэг өдрийн өмнөх мэдээллээр халдвар авсан хүний тоо 77600 гаруй, нас барсан тохиолдлын тоо 2663 байсан байна. Түүнчлэн 27300 гаруй хүн эдгэрчээ. Шинэчлэгдсэн мэдээллээс үзвэл, БНХАУ-д коронавирусний халдварын тохиолдлын нас баралтын түвшин 3.47 хувьтай байна. Нэг өдрийн өмнө энэ үзүүлэлт 3.42 хувь байжээ. Өдөр бүр илэрч буй халдварын шинэ тохиолдлын тоо 102-оор буурч, 406, нас барсан хүний тоо 19-өөр буурч, 52 болсон байна.
Халдварын голомт болох Хубэй мужид хамгийн олон буюу 65100 тохиолдол бүртгэгдэж, 2600 гаруй нь нас барсан бол 20900 гаруй хүн эдгэрсэн байна. Хятадын өмнөд нутагт орших Гуандан мужид 1300 гаруй, төвийн нутгийн Хэнань болон зүүн нутгийн Жэзян мужид тус тус 1200 гаруй хүн халдвар авчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд эх газрын Хятадын 31 бүс нутгийн 26-д нь халдварын нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Нийслэл Бээжин хотод 400 хүн халдвар авсны 235 нь эдгэрч, 4 хүн нас баржээ. ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужид 12 хүн нас барсан бол халдвар авсан хүний тоо 480-д хүрч, тэдний 245 нь эдгэрчээ. Хятадын өмнөд нутгийн Хайнань мужид байдал тогтворжиж, эмнэлгүүдээс гарсан хүмүүсийн эзлэх хувь 168 тохиолдлоос 73 хувийг эзэлж байгаа бол таван хүн нас барж, үлдсэн нь эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг