Эцэгтээ хазуулсан хүүхдүүдийн ээж анх удаа тайлбар өглөө
2014/04/01
Төрсөн хоёр үрээ хазаж зовоосон хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Энэ хэргийн улмаас 2 настай охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдүүдийн биеийн байдлын талаар хохирогчдын ээж Т.Т-ээс цөөн зүйл тодрууллаа.
-Хэрэг болдог өдөр юу болсон юм бэ?
- Том хүү бид хоёр өглөө хичээлдээ явж, нөгөө гурав маань гэрт үлдсэн. Хичээл орой зургаан цагт тараад долоо гээд гэртээ ирэхэд хоёр хүүхэд маань аймар болчихсон, том хүү маань шоконд орчихсон байдалтай, манай нэг дүүтэй хамт гэртээ байсан. Том хүү маань өвөө рүүгээ залгаад, миний дүү гэрт ирж, эрүүлжүүлэх дуудсан юм билээ.
- Хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байна вэ?
- Охин маань хазуулснаас үүдэлтэйгээр халуурч байсан. Гэрээр эмчилгээ хийж байгаад эмнэлэгт хандаж, одоо хэвтэн эмчлүүлж байгаа. Хүүг маань эмээ нь харж байгаа.
- Охин нь уйлаад унтаж чадахгүй байгаа гэж байсан?
- Их хэцүү байсан. Хүзүүнээс тэвэрчээд 00 ороход хүртэл салахгүй байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Гэхдээ л байнга цочоод, шөнө 2-3 удаа сэрээд байгаа. Хоёрхон настай хүүхэд хичнээн цаг зовж, ямар их тамлал, зовиуртай байсан бол гэж бодохоос... Шарх нь эдгэхийн хувьд эдгэж байна. Гэхдээ их сорвитой эдгэж байгаа. Одоогоор физик эмчилгээ, цагийн тариа хийлгэж байгаа.
- Хүүгийнх нь шарх идээлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж байсан?
- Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй. Одоо 9 нас хүрлээ. Хэн чамайг ингэж ёо ёо болгосон гэхээр хэлж мэдэхгүй. Хазуулсан хэсэг, бие нь эрээн алаг болчихсон. Хумсыг нь хазаж хөхөрчихсөн. Гэхдээ хүмүүс их тусалж байгаа. Шарханд сайн гээд тос авчирж өгсөн. Түрхээд арай гайгүй болж л байна.
- Хүмүүс хэр тусалж байна?
- Хүмүүс маш их туслаж байгаа. Энэ ярилцлагаар дамжуулаад баярлалаа гэж хэлмээр байна. Хүүдүүдтэйгээ дөрвүүлээ гэртээ яахаа ч мэдэхгүй хоёр гурав хоноход хэцүү байсан. Гэхдээ олон хүний сэтгэлийн дэм өгч, ярьж, холбогдож, хурдан эдгээрэй, хүчтэй байгаарай гэж урам өгч байгаад баярлалаа. Намайг хэн бэ? Хүүхдүүд нь яагаад ийм болсон бэ? Гэдгийг мэдэхгүй ч гэсэн хүүхдүүд маань хазуулсан гэсэн мэдээллийн дагуу өнөөдөр Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн дансанд нь 2.3 сая төгрөг цугларсан байна. Нэг сая төгрөгийг нь өмгөөлөгчдөө өгөөд. 1.3 сая төгрөгийг дансандаа байлгаад, хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулж байгаа.
Монголчуудын дийлэнх нь өөрсдийнхөө амьдралыг чадан яадан болгож байгаа шүү дээ. Гэсэн ч бидэнд чин сэтгэлээсээ 2000, 3000, 100 000, 200 000 хандив өгсөн, сэтгэл санаагаар дэмжиж, холбогдож байгаа хүн бүрт маш их баярлалаа. Тэр бүх хүний дэмээр гурван хүүхэдтэйгээ сайхан амьдарна гэдэгт итгэлтэй байна.
- Том хүүгийнх нь сэтгэл санаа ямар байна?
- Багаасаа хүчирхийлэл дор өссөн хүүхдийн сэтгэлд нь шарх үлдсэн. 2001 оноос эхлүүлэн дарамтад байсан. Тэр бүрт эмэгтэй хүн хүүхдүүдээ бодож, уучилж, хүлцэнгүй хандаж байсан. Тийм болохоор над шиг хардуулж, хүүхдүүтэйгээ цуг зодуулж байгаа эмэгтэйчүүд байвал яг одоо тэр амьдралдаа цэг тавиасай гэж хүсэж байна. Азаар миний хоёр хүүхэд өнөөдөр амь эрсдээгүй. Маш хэрцгий тамлалыг би хүүхдүүддээ амсуулчихаад эх хүн гээд явж байна. Одоо тэр бүх шарх, зовлонг эдгээх, амар тайван нөхцөлд амьдруулах вэ гэдгийг л бодож байна.
- Өмгөөлөгчийн талаар?
- Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвтэй хамтарч ажилладаг гэр бүлийн хэрэг дээр голлон ажилладаг өмгөөлөгч байгаа. Өмгөөлөгч авах хүртэл дөрвөн өдөр хайхад тодорхой хэмжээнд хөлс нэхэж байсан. “Лантуун дохио” ТББ-т хандаж сайхан сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн дэмээр өмгөөлөгчтэй болсон.
Тусалсан бүх хүнд баярлалаа.
Цаг гарган тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа