ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-ХӨСҮТ дээр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор яг ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Нэгдүгээр сараас ДЭМБ-аас өндөржүүлсэн байдал зарлаж хоёрдугаар сарын дунд үеэс эрсдэлийн үнэлгээ хийгдлээ. Энэ утгаараа бид нэгдүгээр сараас эхлэн тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллаж байгаа. Улсын хэмжээнд Улсын онцгой комиссоос гамшгийн тухай хуулиар хагас өндөржүүлсэн байдалд шилжлээ. Дээрх захирамж, журмын дагуу бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Нэгдүгээрт, 24 цагаар иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллаж байна. Хоёрдугаарт, шуурхай хариу арга хэмжээний таван баг агаарын хил, төмөр зам зэрэг нэвтрэн орох цэгүүдэд хилийн мэргэжилтнүүдтэй хамтран 24 цагаар ажиллаж сэжигтэй тохиолдол болон тусгаарлах шаардлагатай иргэдийг зохион байгуулалтад оруулж ажиллаж байна. Төлөвлөлтийн баг, эрсдэлийн харилцаа холбооны баг, санхүүжилтийн баг, шуурхай хариу арга хэмжээний багуудад хуваагдан ажиллаж байна аа. Ингэснээр тодорхой бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, мөн 21 аймаг, есөн дүүрэг дэх улс хувийн хэвшлийн эмийн нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн нөөц, нөөцийн дутагдалтай газруудад Эрүүл мэндийн яамтай хамтран хангах зэрэг ажлуудыг хийж байна.

-Иргэдэд чиглэсэн ажлын тухайд?

ДЭМБ-аас өгч буй гол зөвлөмж бол ерөөсөө л гараа тогтмол сайн савандаж угаах, амны хаалтаа зөв зүүх, зөв тайлах. Одоо бол иргэд амны хаалт зүүх нь зүйтэй гэсэн ойлголтыг авчихсан байгаа. Дараагийн асуудал нь амны хаалтаа хэрхэн зөв тайлах юм бэ гээд дэс дараалалтайгаар бид зөвлөмжүүдийг өгсөөр байна. Мөн зөв ханиаж найтаах, гудамж талбайд нус цэрээ хаяж болохгүй юм байна гэсэн ойлголтуулыг авснаар зөв дадал зуршил бий болох юм. Ингэснээр иргэд шинэ коронавирусийн халдвараас гадна бусад амьсгалын замын болон ханиад томуу багасах ач холбогдолтой гэдгийг харж байна. Томуу, томуу төст өвчний халдварууд буурсан үзүүлэлттэй гарч байна.

-Иргэдийг тусгаарлалтад, ажиглалтад авсан хэрнээ шинжилгээ авахгүй удаж байна гэдэг ч юм уу мэр сэр шүүмжлэл гардаг. Иргэдийг тусгаарлах, ажиглалтад авах арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Хилийн мэргэжлийн хяналттай хилийн нэвтрэн орох цэг дээр бид хамтарч ажиллаад зорчигчдыг эрүүл мэндийн хуудас болон асуумж бөглүүлж байгаа. Мөн биеийн халуун хэмжих, бусад шинж зовиур илэрсэн эсэхийг асуумж судалгаагаар аваад ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авч байна. Бусад өвчлөлтэй бүс нутаг болон эрсдэлтэй бүс нутгаас буюу Итали, Хятад, БНСУ-аас ирсэн иргэдийг эмнэлэгт ажиглалтад авч байгаа. Бусад улс орноос ирсэн иргэдийг гэрт нь тусгаарлалтад авч байна.

-Сүүлийн үед иргэдийн дунд коронавирусийн халдвар ороод ирчихсэн байх магадлалтай. Шинжилгээ авч буй оношлуурт итгэхгүй байна гэх эргэлзээ үүсэх боллоо. Энэ тал дээр хариулт өгөхгүй юү?

-ДЭМБ-ын лавлагаа лабораторид бид бүх лабораториудыг жилд 1-2 удаа гадаад хяналтад оруулдаг. Манай вирус судлалын лаборатори буюу томуугийн лаборатори бол жил бүр олон улсын лавлагаа лабораториудаас ирсэн сорьцоор гадаад хяналтад орж байнга 100 хувийн үнэлгээ авдаг. Оношлуурыг эхний ээлжинд Японоос 200, дараа нь 2000, 1000 гээд ДЭМБ-аас тасралтгүй нийлүүлж байна. Тэгэхээр оношлуурын хувьд тасрахгүй хангалттай байгаа гэж ойлгож болно. Мөн вирус судлалын лабораторт сургагдсан мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаа. Дараагийн нэг зүйл бол томуу, томуу төст өвчний 21 вирусийг илрүүлдэг. Үүн дээр нэмээд коронавирусийг илрүүлэх шинжилгээг хийж байна.

-“REMAX” –ын 24 ажилтан дэлхийн 6000 гаруй хүн оролцсон хуралд оролцож ирснээ нуусан байсан. Энэ мэтчилэн иргэдийн зүгээс хүндрэл үүсгэж буй өөр асуудал гарч байна уу?

-Ганц нэг тохиолдол нуун дарагдуулсан асуудал гаргасан. Гэхдээ бид тэр дор нь илрүүлээд тусгаарлалтад авсан байгаа. “REMAX”-ын 24 ажилтны 16 нь ирээд тусгаарлалтад орсон байгаа. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ дашрамд иргэдэдээ хандаж хэлэхэд өвчлөл гарсан улс оронд аялахгүй байгаач ээ гэж хүсэх байна. Бид хоёрыг ярих зуур ч гэсэн шинээр улс оронд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ үед иргэдийг албан болон албан бусаар онцгой шаардлагагүй бол халдвар гарсан орнууд руу явахгүй байхыг зөвлөж байна. Үнэхээр онцгой нөхцөл байдлаар яваад ирсэн бол эрүүл мэндийн хуудас болон асуумжаа үнэн зөв бөглөөч ээ гэж хүсэх байна. Хэрвээ тусгаарлалтад орсон бол иргэний хариуцлага, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж эрүүл мэндийн байгууллагаас тавьж буй заавар, зөвлөгөөг чанд сайн сахиач ээ л гэж хэлмээр байна. Энэ нь нэгдүгээрт улс орондоо өвчлөл оруулахгүй байх, хоёрдугаарт таны болоод хайртай дотны хүмүүсийн чинь төлөө тэднийг хамгаалж хийж буй ажил юм шүү гэдгийг ойлгох нь чухал байна.

-Хэдийгээр коронавирусийн халдвар өнөөдөр манай улсад орж ирээгүй байгаа ч орж ирсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагууд ямар арга хэмжээ авах, ямар эмчилгээ хийх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хамгийн гол нь иргэд өөрсдийнхөө сэтгэл зүйн бэлэн байдлаа хангах, эмнэлгүүд бэлэн байдлаа хангах чухал юм. Өдөр бүр 11:00 цагаас хийж буй хурлаар улсын болоод хувийн бүх л эмнэлгийн хүний нөөц, вирусийн эсрэг эм, тоног төхөөрөмжийн нөөц, байрны нөөцийн бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаарх мэдээллийг тогтмол өгч байна. ДЭМБ-ын баг Германаас ирж манайд ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай бүх шатны эмнэлгүүдэд бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна гэсэн дүгнэлтийг өгсөн.

 

www.dnn.mn