Конгрессийн номын сангаас Монголын залуучуудын түүхэн бүтээлүүдийг унших боломжтой боллоо
2014/04/02
Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн I,II,III,IV боть номыг АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгаллаа.
Энэхүү хүндэт үүргийг МХЗЭ-ийн ахмад ажилтан О.Батсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр гүйцэтгэж номнуудыг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. Мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг гардуулж байсан юм. Монголын залуучуудыг дэлхийн номын өргөөнд үлдэх мөртэй болгох хүндэт үүргийг биелүүлсэн эвлэлийн ахмад ажилтан О.Батсайханд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Дээрх алдарт номын сангийн талаар товч өгүүлэхэд АНУ-ын нийслэлийг Вашингтон руу шилжүүлэхтэй холбоотой хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс (John Adams) баталжээ.
1800 онд батлагдсан энэ хуулинд Конгрессийн номын сан байгуулах тухай заалт орсон байлаа. Энэхүү номын санд орох иргэдийн тоо хязгаартай байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Сенатын танхимийн гишүүд, Төлөөлөгчдийн танхимийн гишүүд л нэвтрэх эрхтэй байлаа. Иймээс ч Конгрессийн номын сан гэж нэрлэгдэх болжээ. 1814 онд иргэний дайны үед Конгрессийн номын сан бүхэлдээ шатсан бөгөөд үүний дараагаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хэвлэгдсэн ямар ч номноос заавал нэг ширхэгийг Конгрессийн номын санд илгээж байх зарлигийг 1870 онд баталсан байна. Энэ журам одоо ч АНУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аж.
Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог юм. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байгаа юм байна.