Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 2019 оны 11-р сард дуусч хэргийг прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, Оюу толгойн гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож найман их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2017 онд хавтаст хэрэг үүсгэж, 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн 5-12 жилийн ялтай зүйл ангиар, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 2-8 жилийн ялтай зүйл ангиар Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Улмаар С.Баярыг 60, С.Баярцогтыг 73 хоног хорьж шалгасан билээ. 
Тэгвэл өчигдөр нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд С.Баярцогттой холбоотой Оюу толгойн хэргийг Нийслэлийн прокуророос хүчингүй болгосон гэх мэдээлэл цахим орчинд тарсан. 
Энэ талаар хуулийн байгууллагын албан эх сурвалжаас тодруулахад, 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр  түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй, яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүйд тооцсон. Уг хэргийн хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгасан хэвээрээ байгаа гэдгийг мэдээллээ.