ЭМЯ-наас өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээ өглөө. Энэ үеэр Дэлхийн дахинд өвчлөл нэмэгдсээр байгаа тул ард иргэд амны хаалтаа зүүхгүй байж болохгүй. Хоёр метрийн зайнаас хүмүүстээ харьцах хэрэгтэй гэдгийг Д.Нарангэрэл анхаарууллаа.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "3225 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад орсон. Одоогийн байдлаар 2057 иргэн ажиглалт, хяналтад байна. Сэлэнгэ аймаг дээр төрөх эмнэлгийн үйчилгээ нэн яаралтай авах хэрэгтэй байгаа хүнийг хилээр авчирч тусламж үзүүлсэн. Бид эмчилгээ, оношлогоондоо дэлхийн нийтэд хэрэглэж байгаа зүйлийг авч ашиглаж байгаа. Амьсгалын аппаратанд байгаа иргэддээ асаргаа, сувилгааг үзүүлсээр байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 19-нд Стамбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Өмнө нь 24 хүнийг сонгож шинжилгээ хийсэн нийтдээ 46 шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр 200 гаруй иргэнээс шинжилгээг авна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдаж, хяналтад байна. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол Орхон аймагт нэг,  Сэлэнгэ аймагт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, шинжилгээг нийслэл рүү илгээжээ. 

Одоогоор Франц улсад Монгол иргэн коронавирусийн халдвар авсан гэдэг албаны ёсны мэдээ ирээгүй байна.